И.Энхбат: 40-65 насныхан элэгний В, С вирусийн хоёр удаагийн шинжилгээнд үнэгүй хамрагдана

Элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нэг удаагийн зардлын төлбөрийн дээд хязгаарыг нэг даатгуулагчид 80-120 мянган төгрөг байхаар тогтоосон.

Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар өнгөрсөн хугацаанд Элэгний В, С вирусийн өвчлөлийг бууруулах зорилгоор ЭМЯ-тай хамтран олон ажил хийж, хэрэгжүүлж эхлээд байна. Үүний нэг нь улс орон даяар үргэлжилж буй элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээ юм. Тиймээс үүнтэй холбогдуулан иргэдээс ирж буй асуултуудад хариулт өгөх зорилгоор НДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга И.Энхбатаас зарим асуудлыг тодрууллаа.

-Хүн амын дунд зонхилон тохиолддог элэгний өвчлөлийн эсрэг цогц бодлого явуулж, үүнийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварт тархалтыг таслан зогсоох цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Хөтөлбөрийн хүрээнд  шат дараатай таван ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. 
Нэгдүгээрт бид иргэд, даатгуу­лагч­даа илрүүлэг шинжилгээнд хамруулаад, дараа нь идэвхжил тодорхойлох оношилгооны зардлыг бүрэн хариуцаж байна. Хэрвээ вирустэй нь тогтоогдож эмчилгээ шаардлагатай бол хөнгөлөлттэй үнээр эм олгох бөгөөд бүр хүндэрсэн тохиолдолд элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардагдах эмнэлгийн хэрэгслийн төлбөрийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх замаар өвчнийг оношилж, илрүүлэхээс эхлээд эдгэрч, эрүүлжтэл нь шат дараатай тусламж үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Энэ бүх ажил “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа юм. 
-Орон даяар илрүүлэг шин­жилгээ эхэлсэн юм байна. Шин­жил­гээнд хамрагдахын тулд иргэд хаана хандах вэ?
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дүгээр тогтоолоор 40-65 насны 515.6 мянган даатгуулагчийг В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн. Ин­гэх­дээ нэг  даатгуулагчийн шин­жилгээний зардлыг 2800 төгрөгөөр тогтоож Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан санхүүжүүлэхээр болсон юм. Бид аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж албан ёсоор орон даяар илрүүлэг шинжилгээний ажлыг эхлүүлээд байна. 
Иргэдийн тухайд өөрийн харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв дээрээ иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, амбулаторийн үзлэгийн карттайгаа очоод шууд хамрагдах боломжтой.
-Илрүүлэг шинжилгээ бас оношилгоо шинжилгээ гээд тусдаа ойлголт яваад байх шиг байна. Эхний шинжилгээгээр вирустэй нь илэрсэн иргэн дараа нь хаана хандах вэ?
-Тийм. Илрүүлэг шинжилгээгээр вирустэй нь тогтоогдвол эрх бүхий 174 эмчийн хяналтад орж дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагадаа хандах юм. Элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээ байгуулсан улсын болон хувийн хэвшлийн 22 лаборатори сонгон шалгаруулалтаар шалгарсан байгаа. Иргэн харьяалал харгалзахгүй эдгээр лабораториос сонгон үйлчлүүлэх боломжтой. Элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нэг удаагийн зардлын төлбөрийн дээд хязгаарыг нэг даатгуулагчид 80-120 мянган төгрөг байхаар тогтоосон. Нэг даатгуулагчийн хоёр удаагийн шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцна. Эмч нарын нэрс болон лабораторийн мэдээллийг www.ndaatgal.mn-ээс авч болно.
-Эмийн үнийн хөнгөлөлтийн тухайд бол хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн шүү дээ. Ямар эмэнд хэчнээн төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа вэ. Мөн өнгөрсөн хугацаанд хэр олон хүн хөнгөлөлттэй эм авч хэрэглэв? 
-Одоогийн байдлаар Харвони, Ледвир, Ледифос, Гепсинат-Эл Пи, Вирпас гэсэн таван худалдааны нэршлийн эмийн нэг хайрцаг тутамд 210 000 төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлж байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд элэгний С вирусийн эмийн үнийн хөнгөлөлтөд 18.5 тэрбум төгрөгийг баталсан. Эхний таван сарын байдлаар 10350 даатгуулагчдад 4.1 тэрбум төгрөгийн эмийн үнийн хөнгөлөлт үзүүлээд байна. Мөн 2016 оны есдүгээр сарын 9-ний өдрөөс хойш уг эмийг хэрэглэсэн иргэдэд 7285 хайрцаг/тун эмийн үнийн хөнгөлөлт болох 1.5 тэрбум төгрөгийг нийлүүлэгч компаниар дамжуулан нөхөн олгосон.
-Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх сүүлийн ажил нь шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчил­гээний хувьд ч өртөг зардлын тухайд ч өндөр бололтой. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед эрүүл мэндийн даатгалаас ямар хөнгөлөлт үзүүлэх вэ?
-Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэн жилдээ хоёр сая хүртэлх төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах эрхтэй. Үүнээс гадна нэмэлтээр өндөр өртөгтэй зарим төрлийн тусламж үйлчилгээг авах боломжийг  Эрүүл мэндийн даатгалын тухай хуу­лийн шинэчилсэн найруулгаар зохицуулж өгсөн байдаг. Хуулийн хүрээнд “Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн зардлыг санхүүжүүлэх, хяналт тавих журам”, жагсаалтыг НДҮЗ-ийн 07 дугаар тогтоолоор баталсны дагуу элэг шилжүүлэн суулгах болон бусад өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд шаардагдах 484 эмнэлгийн хэрэгс­лийн зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан улсын зургаан эмнэлгээр дамжуулан гүйцэтгэж байна. Өндөр өртөгт тусламж, үйлчилгээний нэг төрөл болох элэг шилжүүлэн суулгах мэс засал нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдэж байна.
-Эрүүл мэндийн даатгалаа ашиглан өөр ямар үйлчилгээг авах боломжтой вэ?
-Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх 16 төрлийн тусламж үйлчилгээ байдаг. Бид давхардсан тоогоор 5.5 сая даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна. Ингэхдээ нэгэнт өвдсөн хойно нь биш урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах чиглэлд анхааран ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийн сүүлийн таван жилийн судалгаанд дурдагдсан хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван  шалтгааныг үндэслэн  40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээний зардлыг даатгалын сангаас хариуцахаар болсон. 
Даатгуулагч дотор эрхтэний архаг өвчлөлийг илрүүлэх, дотор эрхтэний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх,  хавдрын эрт илрүүлэг гэсэн тус бүр нь 50000 төгрөгийн төлбөртэй гурван төрлийн багцаас аль нэгийг  нь сонгох боломжтой. 
Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо, шинжилгээнд хамруулснаар эрүүл мэндээс үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, хүн амын эрүүл мэндийн чанарын үзүүлэлтийг сайжруулах, нас баралтыг бууруулах болон эрүүл мэндийн сангийн зардлыг урт хугацаанд бууруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.