“ҮШ”-гийн тодруулга

Д.Зууннаст: Шүд цооролтоос хамгаалахын тулд амны хөндийгөө сайн цэвэрлэх хэрэгтэй

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Хайлааст дахь Хүүхдийн амбулаторийн шүдний эмч Д.Зууннастын зөвлөмжийг хүргэж байна. 

-Шүдний өвчлөл сүүлийн үед элбэг болоод байгаа. Шүдний өвчлөл нэмэгдэх гол шалтгаан  нь юу байна вэ?
-Судалгаагаар хүүхдүүдийн дунд шүд цооролтын өвчин их байгаа. Харин насанд хүрэгчдэд шүдгүйтэл, буйлны үрэвслийн өвчин маш ихээр зонхилох болсон. 3-5 настай нийт хүүхдийн 79 хувь цооролттой, 6-8 настнуудын 80, 10 болон түүнээс дээш настай хүүхдүүдийн 90 хувь нь шүдний цооролттой байна. Мөн насанд хүрэгчдийн 90-ээс дээш хувь нь цооролттой байна гэсэн үнэлгээ гарч байгаа. Энэ нь ихэвчлэн хоол хүнсний хэрэглээ, түүний найрлага давтамжтай холбоотой. Улс хөгжих тусам түүнийг дагаад шүдний өвчлөл, цооролт нэ­мэгдэж байна. Дээрээс нь хоол хүнсний  хэрэглээ өөрчлөгдөөд, түүнээс үүдэлтэй шүдний өвчлөл нэмэгдэж байгаа юм.
-Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх боломжтой вэ?
-Хамгийн гол нь хүүхдүүд болон эцэг эхийн оролцоо маш чухал. Дан ганц шүдний эмч нар зүтгээд дийлэхгүй. Тиймээс эцэг, эхчүүд гэр бүлийнхэн нь маш их үүрэгтэй оролцмоор байгаа юм. Тухайлбал, хооллох давтам­жийг зохицуулах хэрэгтэй. Амны хөндий шүлсээрээ цэвэрлэгдээд явдаг. Хооллох давтамж нь ойртоод, амттан идэх давтамж хэрэгцээ нь ихсээд эхэлбэл амны хөндий бохирдож, шүдний цооролт үүснэ. Тиймээс хүүхдүүдийнхээ хооллох давтамжийг хянах, шүд цэвэрлэх асуудлыг эцэг, эхчүүд өөрсдөө маш сайн хянаж, сайтар угаалгах хэрэгтэй. Ядаж орой унтахаас нь өмнө шүдийг маш сайн угаалга. Ингэснээр тодорхой хэмжээнд цоорлоос урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн зургаан сар тутамд заавал гэр бүлээрээ шүдний эмчид үзүүлээд, амны хөндийгөө ямар түвшинд байгааг мэдэж, эмчээс зөвлөгөө аваад явах бүрэн боломжтой. 
-Шүд цоорч, буйл үрэвсэ­хээр ходоодод сөргөөр нөлөөлдөг гэдэг. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тэгэлгүй яах вэ. Шүд­ний өвчнөөс үүдэн бүх төрлийн өвчин үүсч байгаа. Хүүхдүү­дийн дунд тархсан бөөрний үрэвсэл, ангина зэрэг өвчин бүгд цоорхой шүднээс болж байна. Бактериудаа залгиад байгаа учраас бүхий л эрхтэндээ нөлөөлж байна гэсэн үг.
-Хүүхдийн сүүн шүдийг авахуулж болох уу?
-Сүүн шүдийг ерөнхийдөө авахгүй гэдэг. Учир нь дараагийн шүд буюу байнгын шүдний байр зайг  хадгалж байх үүрэгтэй. Гэтэл эрт авснаар дараагийн шүднүүд нь байрлал нь өөрчлөгдөөд дараагийн шүд гажигтай ургана. Түүнчлэн шүдний хоршилт алдагддаг. Мөн эрүүнд гажиг үүсэх зэрэг согогууд үүсэх боломжтой. Хэл ярианд нөлөөлдөг. Тэгэхээр сүүн шүдийг эрт авхуулах нь буруу юм.
-Шүдийг нь авах буруу, эсвэл зөв гээд байдаг. Яг аль нь үнэн юм бэ?
-Шүдийг авахуулах ёсгүй. Авхуулаад байвал нэгдүгээрт хооллох чадвар буурна.  Гэдэс ходоодод  нөлөөлнө. Дараа нь хоршилт алдагдана. Гоо сайхны хувьд мөн л сөрөг нөлөөтэй. Тиймээс аль болох эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
-Хүүхдийн шүднүүд ургаж байхдаа хорхой идсэн тохиол­дол олон байна. Дараагийнх нь шинэ шүд хүртэл мөн л ялгаа­гүй. Энэ тохиолдолд яах вэ?
-Шүд цоорох өвчин бол халд­варт өвчин шүү дээ. Тэрийг маш сайн ойлгох хэрэг­тэй. Гэр бүлийн болон ойр дотны­хоо хү­нээс дамжуулж авч байгаа. Жи­рэмсэн эхчүүд төр­сөн бо­лон төрсний дараа маш их цоо­ролттой байдаг. Хүүхдэ­дээ хоол унд өгөх, үнсэх гэх байд­лаар дамжуулдаг. Бактер нь шүд ургахаас өмнө хэдийнэ бэлт­­гэгдсэн байдаг. Тэгээд шүд урга­лаа. Ургахаар нь цоор­­чих­дог. Тэгэхээр шууд халдва­рын замаар дамжиж байгаа. Тө­рө­­хөө­­сөө өмнө шүдээ сайтар эрүүл­­­­жүүлэх хэрэгтэй. Тэгж байж хүүх­дэдээ халдвар тараахгүй.

Б.Мөнх

Ч.Отгонтуяа: Нарны тосыг дөрвөн улирал харгалзахгүй хэрэглэнэ

 

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн арьс өнгөний эмч Ч.Отгонтуяатай уулзаж нарны тос болоод түүний хэрэглээний талаар ярилцлаа.

-Нарны тос огт хэрэглэхгүй байх нь арьсанд ямар нөлөөтэй вэ?
-Сөрөг нөлөөтэй. Хүний арьс наранд маш богино хугацаанд түлэгдэж эрт хөгшрөх, хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг. Нар арьсны хорт хавдар үүсгэгч альфа (UVA), бета (UVB) гэсэн хоёр төрлийн хорт туяа ялгаруулдаг юм. Хэт ягаан туяа нь нарны идэвхжил, агаар мандлын бүтэц, цаг агаарын өөрчлөлттэй холбоотойгоор хүнд нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь ихэсч, арьсны хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Тийм учраас нарны тосыг зайлшгүй хэрэглэх хэрэгтэй.
-SPF гэсэн тэмдэглэгээ ямар учиртай вэ?
-Тосон дээр байдаг SPF гэх тэмдэглэгээ нь нарнаас хамгаалах гэсэн утгатай. Ихэнх нарны тос хэт ягаан туяанаас хамгаалах зориулалттай байдаг. Энэ төрлийн тос нь SPF15 буюу түүнээс дээш найрлагатай гэсэн шошготой байдаг учраас арьсыг зөвхөн наранд түлэгдэхээс хамгаална гэсэн үг юм. Гэхдээ энэ нь UVA төрлийн хортой туяанаас хамгаалж чаддаггүй. Тийм учраас нарнаас хамгаалах тос нь түлэгдэлт, үрчлээ болон толбо үүсэхээс нэгэн зэрэг хамгаалах боломжгүй. Нарны гэрэлд ямар ч хамгаалалтгүй гарсан арьс 20 минутын дараа гэхэд л улайж гэмтэж эхэлдэг.
-Тосонд заасан хувь ямар үйлчилгээтэй вэ?
-Тос болгон өөрийн гэсэн хамгаалах хугацаатай SPF15- нарнаас дөрвөн цаг хамгаална, SPF25 зургаа, SPF30 наранд найман цаг байхад айлтгүй. Харин SPF50 нарнаас 11 цаг хамгаалах чадвартай байдаг. Зарим тосны заавар дээр РА гэж бичсэн байдаг. SPF, PA гэсэн хоёр тэмдэглэгээ аль аль нь нарны хэт ягаан туяанаас хамгаална гэсэн үг. РА+ тэмдэгтэй байвал дөрөв, РА++ байвал найман цаг хамгаалах үйлчилгээтэй байна.
-Хэрхэн сонгох вэ?
-Тосыг сонгохдоо арьсны төрөлд тохирсныг нь хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглээрэй. Харин тослог, эсвэл батга гардаг бол спиртэнд суурилсан тосыг хэрэглэнэ. Мэдрэмтгий арьсанд спиртэнд суурилсан тос, найрлагад нь химийн бодис их орсон тос хэрэглэж болохгүй. Түүнчлэн нарны тосоо сонгохдоо өдөрт хэдэн цаг наранд байдаг гэдгээ эхлээд тооцоолох хэрэгтэй.
-Хадгалах хугацаа заадаг уу?
-Тосыг нэгээс илүү улирал хадгалж болохгүй. Удаан хадгалсан тос арьсыг гэмтээж үхүүлж байдаг юм. Тийм учраас зун авсан тосоо зундаа хэрэглэж дуусгах хэрэгтэй.
-Хэрхэн хэрэглэх вэ?
-Гэрээсээ гарахаасаа 30 минутын өмнө нойтон биш хуурай арьсан дээр түрхэж хэрэглэнэ. Наранд байх хугацаандаа хоёр цаг тутамд давтан түрхэх шаардлагатай байдаг. Хэт ягаан туяа нь цонх, шил, үүлийг хүртэл нэвтэлдэг учраас гэртэй ч, үүлэрхэг бүрхэг үед ч нарны тосоо хэрэглэнэ.
-Нарны тосыг дөрвөн улирал харгалзахгүй түрхэх ёстой юу?
-Тийм. Өвөл наргүй болчихлоо, зүгээр гэж манайхан боддог. Гэтэл үгүй. Өвөл цас орно. Яг нүүрний өөдөөс цав цагаан цасан дээр нарны гэрэл нүүр рүү эгц ойдог. Түүнээс л хамгаалахгүйгээс эмэгтэйчүүдийн арьсанд маш их хэмжээний нөсөө, толбо, сэвх үүсдэг. Гэхдээ нөсөө толбо үүсэх тухайд гэвэл зуны улирал илүү их хамаатай. Тиймээс хавар, зуны улиралд нүүрний арьсаа хамгаалж байх хэрэгтэй.
 

Б.Намуун

 

Б.Түвшинбаяр: Хоёр хүртэлх насны хүүхэд гүйлгэх тоолонд 50-100 мл шингэн уулгах хэрэгтэй

 

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдэд ихээр тохиолдож буй гэдэсний халдварт суулгац өвчний талаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн их эмч Б.Түвшинбаяраас тодрууллаа.

-Хүүхдийн гэдэс өвдөхөд заавал эмчид хандах ёстой юу?
-Гүйлгэлт нь хүнд болон хөнгөн хэлбэртэй байна уу гэдгийг ажиглан мэргэжлийн эмчид үзүүлж заавар зөвлөгөө авах хэрэгтэй. Ер нь бол хүүхэд суулгалт өгөхөөс гадна халуурч, хоолны дуршил эрс багасч, өтгөн нь цусан судалтай байх юм бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Удаан хугацаагаар гүйлгэвэл тэр хэмжээгээрээ хурдан шингэн алддаг.
-Суулгах болон бөөлжихөд хүүхдийн биед ямар сөрөг нөлөө гарах вэ?
-Их хэмжээгээр бөөлжвөл шингэний дутагдалд хурдан орох магадлалтай. Тиймээс эцэг эхчүүд алдагдсан шингэнийг зөв нөхөх нь маш чухал. Хүүхэд өдөрт гурваас дээш хүндрэх, баас нь усархаг, цусархаг болж мөн бөөлжиж байгааг суулгалт гэж ойлгож болно. Харин хэт удаан хугацаагаар суулгаж шингэний дутагдалд орсон бол яаралтай хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй.
-Гэрийн нөхцөлд дур мэдэн эмчилгээ хийх нь зөв үү?
-Өөрсдөө дур мэдэн эмчилдгээс болж өвчин хүндрэх, биед сөрөг нөлөө үзүүлэх, түүнчлэн өндөр халуурах гэх мэт олон сөрөг нөлөө гарч болно. Тухайлбал, манайхны мэддэг гэрийн аргаар найруулдаг хоросол бий. Давс, элсэн чихрийн найрлагатай буцалсан ус. Тэр бол үр дүнтэй биш. Харин хүүхдийн оралит болон томана гэх мэт хоросолуудыг суулгалт, бөөлжилтийн хооронд бага багаар өгөх хэрэгтэй. Хоросол уулгасны дараа хүүхэд бөөлжиж гаргахгүй, баас нь шингэрэхгүй байвал хүссэн хэмжээгээр нь өгч болно. 
-Энэ үед хоол, уух зүйлийг хориглох хэрэгтэй юу?
-Бөөлжилт болон суулгалтын тоо улам ихсээд байвал хоол болон шингэний хэмжээг багасгах хэрэгтэй. Хоёроос доош насны хүүхдүүдэд гүйлгэх тоолонд дунджаар 50-100 мл, хоёроос дээш насныханд 100-200 мл шингэн уулгаж болно.
-Гэдэсний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Зуны цагт хүмүүс хөдөө гадаа, гол устай газар ихээр аялж, амарч байна. Тиймээс хэрэглэж буй хоол хүнснийхээ ариун цэврийн байдлыг сайтар хангаж, нэн ялангуяа тогтоол ус, ил задгай, гол булаг шандын ус, цэвэрлэж ариутгаагүй ус түгээгүүрийн ус, худаг, бохир саванд хадгалсан усыг түүхийгээр нь уух, ил бие засдаг, угаадас асгадаг, хог хаядаг газрын хөрстэй харьцах, ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний үйлдвэр, агуулах, тээвэр, худалдаа үйлчилгээний газраар дамжсан хүнсний зүйлс идэж уух, бохир гар зэргээс өвчин дамжихаас сэргийлэх хэрэгтэй. Мөн ахуйн ариун цэврийн дэглэмийг хүүхэд эрүүл болсноос хойш сайтар хангаж байхыг зөвлөж байна.

Б.Оргилмаа
 

Н.Эрдэнэбаяр: Өдөрт 80-100 донор цусаа өгч байж эмнэлгүүдийн захиалгыг биелүүлэх боломжтой

Хэдхэн хоногийн өмнө манай улсад “Дэлхийн цусны донор”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Тухайн өдөр алдарт доноруудаа өргөмжилдөг уламжлалтай. Манай улсын цусны нөөц хэр байгаа талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяраас тодрууллаа.

-Өнгөрсөн долоо хоногт дэлхийн цусны өдрийг тэмдэглэлээ. Энэ талаар товч мэдээлэл өгөх үү?
-Нийслэлчүүд маш идэвх­тэй оролцсонд баярлаж байгаа. Өнгөрсөн жил Тусгаар тогтнолын талбайд арга хэмжээгээ зохион байгуулсан. Харин энэ удаа бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг сонгосон. Иргэд болон манай донорууд идэвхтэй оролцож, нэг өдрийг маш сайхан өнгөрүүллээ.
-Тулгамдсан үед цусны нөөцийн асуудал анхаарал татдаг. Одоогийн байдлаар ямар төвшинд байна вэ. Цусны нөөц хангалттай байгаа вэ?
-2012 онд улсын хэмжээнд 19 мянган донорын цус цуглуулсан үзүүлэлттэй байсан. Харин 2016 оны эцэст энэ тоо 33 мянга болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 70 орчим хувиар өссөн гэсэн үг. Үүний цаана цус, цусан бүтээгдэхүүний хангамж сайжирч байгаа. Төрөөс цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал хангамжийг сайжруулах, төрийн бодлогын хүрээнд манай төвийн шинэ байр 50 жилийн дараа баригдаж 2016 онд ашиглалтад орлоо. Орон нутагт байгаа цусны 26 салбар төвүүдийг хоёр тэрбум төгрөгөөр иж бүрнээр нь засварлаж, хүлээлгэж өгсөн. Цус цуглуулах, шинжлэх, хадгалах, тээвэрлэх зэрэгт дэлхийн жишиг болсон технологи тоног төхөөрөмжүүдийг иж бүрэн шинэчилсэн. Үүнтэй холбоотой цус цусан бүтээгдэхүүнийг хадгалах хүчин чадал улсын хэмжээнд тав, хотын хэмжээнд гурав дахин нэмэгдлээ. Зориулалтын хөргөгч хөлдөөгчтэй болж байна гэдгийн цаана нөөцийг нэмэгдүүлэх боломжууд бүрдэж байгаа юм.
Ялангуяа урт удаан хугацаанд хадгалах ёстой байдаг сийвэнгийн бүтээгдэхүүний нөөцийг нэлээд нэмсэн. Одоогоор сийвэнгийн 10 мянган нэгж бүтээгдэхүүний нөөц байна. ОБЕГ-тай байгуулсан гэрээний хүрээнд улсын нөөц гэж байдаг. Урт удаан хугацаанд хадгалах цус цусан бүтээгдэхүүний нөөцөө сайн хадгалж, нэмж байна. Товчхондоо бол нөөц сайжирч байгаа. Гэхдээ нэг хүний өгсөн цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Ялтаст эсийн бүтээгдэхүүнийг бид 3-5 хоногт хадгалдаг. Ийм бүтээгдэхүүн дээр нөөц хийнэ гэсэн ойлголт байдаггүй. Өдөрт 80-100 донор цусаа өгч байж эмнэлгүүдийн захиалсан бүтээгдэхүүнийг хангах боломжтой. Тэгэхээр энэ тал дээр олон нийт зөв ойлголт авч дэмжиж ажиллаасай. Нөөц нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүдийн захиалга бас нэмэгдэж байгаа гэдгийг ойлгоорой. Сүүлийн жилүүдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа манай улсад хийгдэх болсон. Элгээ өгч байгаа, авч байгаа хоёр хүнд хоёуланд нь цус хэрэгтэй. Үүний тулд бид яг тохирсон цус цусан бүтээгдэхүүнийг бэлдэх ёстой. Ингэхийн тулд олон донороос цус авах шаардлагатай байдаг. Энэ хэрээр хэрэгцээ их нэмэгдэж байна. 
-Ер нь өдөрт дунджаар хичнээн хүн цусаа бэлэглэдэг юм бэ?
-Товчхон хэлбэл, төв байрнаас гадна явуулын эмнэлэг, Сүхбаатар, Баянгол дүүрэгт байрлах нийт дөрвөн төвөөр өдөрт дунджаар 100-150 донороос цус цуглуулж байна. 
-Улсын хэмжээнд хичнээн донор байдаг вэ?
-Манайхыг 1963 оноос үүссэн гэж үздэг. Давхардсан тоогоор улсын хэмжээнд 140  мянга орчим донорын бүртгэл мэдээлэл байдаг. Үүнээс хүндэт донор нь 1000 гаруй байна. Идэвхтэй цусаа өгөөд явж байгаа 40-50 мянган донор бий. 
-Цусаа бэлэглэх хүн хэр их нэмэгдсэн бэ?
-Үе үеийн дарга нар донорын тоог нэмэгдүүлэх, олон нийтэд цусны талаарх мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах тал дээр анхаарч ирсэн байдаг. Гэхдээ 70 хувиар өснө гэдгийн цаана  олон нийтийн ойлголт илүү сайжирч байгаагийн илрэл болов уу. Өдөрт цусны донорууд маань өрөөл бусдын сайн сайхны төлөө ариун цусаа бэлэглэдэг ачтангууд байдаг. Энэ дашрамд, донорууддаа баярын мэндийг хүргэе. Эрүүл энх сайн сайхныг хүсье.