2017 онд 575 иргэн гемодиализ эмчилгээнд хамрагджээ

Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализ нь өртөг өндөртэй эмчилгээний нэг юм. Тиймээс эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд учирч байгаа санхүүгийн хүндрэлийг арилгах зорилгоор гемодиализийн эмчилгээг энэ оны хоёрдугаар сарын 15-наас эхлэн хувийн хэвшлийн долоон эмнэлэгт үнэ төлбөргүй хийж байгаа. 


Тодруулбал, “Люкс диализ” клиник, “Эрин”, “Интермед”, “ICU” эмнэлэг, “Улаанбаатар мед”, “Агапе хоспис”, “Кидней Кейр” гемодиализийн эмнэлэгт гемо­диализийн эмчилгээг хийж байгаа. Эдгээр эмнэлгүүдэд энэ хугацаанд 154 иргэн үнэ төлбөргүй эмчлүүлж, гемодиализийн эмчилгээ нийслэлийн хэмжээнд хүлээгдэлгүй болсон байна.
Мөн орон нутагт 16 аймаг гемодиализ эмчилгээ хийх хүчин чадалтай болсноор иргэн удаан хугацааны эмчилгээ шаардагддаг уг эмчилгээг оршин суугаа нутаг дэвсгэртээ хийлгэх боломж бүрдсэн. 
Өнгөрсөн оны есдүгээр сард улсын хэмжээнд 98 гемодиализын аппаратаар 498 хүнд гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлж, 67 иргэн эмчилгээнд хамрагдаж чадахгүй хүлээгдэж байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 163 гемодиализын аппаратаар 575 иргэн гемодиализ эмчилгээнд хамрагдаж,  хүлээгдэл байхгүй болжээ. 
Цаашид Хөвсгөл, Архангай,  Төв аймаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт найман гемодиализийн аппарат суурилуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.