Зүрхний хүнд хэлбэрийн гажигтай хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ

Улсын гуравдугаар төв эмнэлэг БНСУ-ын “Рафаэл” сантай гурав дахь жилдээ хамтран орчин үеийн дэвшилтэт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Рафаэл” сан, Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар БНСУ-ын “Сөүлийн их сургуулийн эмнэлэг”-ийн хүүхдийн зүрхний мэс заслын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байна. Энэхүү мэс заслын багийг Хүүхдийн зүрхний мэс засалч, анагаах ухааны доктор, профессор Ким Үнхан ахлан ирсэн бөгөөд хүүхдийн зүрхний мэс заслын дөрвөн эмч, есөн сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 18-25-ны өдрүүдэд тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллах юм. 
Энэ өдрүүдэд тус эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эмч нартай хамтран Зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн гажигтай нярай, бага насны, бага жинтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж нэн шаардлагатай тохиолдолд мэс засал эмчилгээг хийж байна. 
Одоогийн байдлаар нийт 60 хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, гурван хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн бөгөөд цаашид нийт 25 хүүхдэд үе шаттайгаар мэс засал хийх юм.