Монгол Улсын дундаж наслалт 159-д эрэмбэлэгдэв

Эрүүл мэндийн хөгжлийн төв Монголчуудын эрүүл мэндийн өнөөгийн байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн судалгааг эмхтгэн “Эрүүл мэндийн үзүүлэлт-2016” ном гаргалаа. Тус төв жил бүр эрүүл мэндийн үндэсний үзүүлэлтийг эмхтгэн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын хүртээл болгодог уламжлалтай. Ингэхдээ эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлалаар, хүн амын өвчлөлийн болон нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг бүс нутгаар гаргаж, үндэсний хэмжээнд хэрэгжиж буй нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтийг тооцон харуулдаг юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Статистик мэдээлэл, технологийн албаны дарга Х.Ганцэцэг “Эрүүл мэндийн үзүүлэлт-2016” номд   Мянганы хөгжлийн зорилтын үргэлжлэл болох Тогтвортой хөгжлийн зорилтын эрүүл мэндийн үзүүлэлтийг  дөрвөн зорилтын хүрээнд боловсруулан гаргажээ. Түүнчлэн эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр,  Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үн­дэс­ний хөтөлбөрүүдийн үзүү­лэлтүүдийг шинээр оруулан хэрэглэгчдийн хүртээл болгож байгааг номын нээлтийн үеэр онцлов.   

Халдварт өвчний 21.5 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж байна

Үндэсний эрүүл мэндийн үзүүлэлтэд анхаарал тата­хуйц олон тоо баримт байна. Тухайлбал, Халдварт өвч­ний 21.5 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж байна. Үүний 11.9 хувийг 15-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлж байгаа нь эрүүл мэндийн салбар энэ асуудлыг анхааралдаа авах шаардлага тулгарсныг илтгэв. 2016 онд бэлгийн замаар дамжих халдварын 14964 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 21.5 хувийг эзэлж, өнгөрсөн онтой харьцуулахад 1745 тохиолдлоор буурсан байна. Нийт бүртгэгдсэн өвчлөлийн 29.2 хувийг заг хүйтэн, 41.4 хувийг тэмбүү, 29.2 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ өвчин тус тус эзэлж байна.

Эрчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс гурав дахин их

Эрчүүдийн хувьд амиа хор­лолт эмэгтэйчүүдээс гурав дахин их байна. Гэмтэл, хорд­лого гаднын шалтгаант нас баралтыг хэлбэрээр авч үзвэл 19.9 хувь нь зам тээврийн осол, 18.5 хувь нь амиа хорлох, 8.1 хувь нь бусдад хорлогдсон, 53.5 хувь нь бусад ослын шалтгаанаар нас барсан байна. Зам тээврийн ослын шалтгаант нас баралт өмнөх оноос 81 тохиолдлоор буурсан байна. 
Мөн 2016 оны байдлаар үр хөндөлт өссөн бөгөөд мөн онд 18316 үр хөндөлт бүртгэгджээ.  Үр хөндөлт өмнөх оноос 148 тохиолдлоор буюу 0.8 хувиар өссөн байна.  Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзэхэд 20-иос доош насныхан 5.0 хувь, 20-34 насных 70.7 хувь, 35-аас дээш насны эмэгтэйчүүд 24.3 хувийг тус тус эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад 20-иос доош насныхны дунд үр хөндөлтийн түвшин 0.1 хувиар буурчээ. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 18 хувь нь анх удаа жирэмсэлсэн болон анх удаа үр хөндүүлсэн бөгөөд энэ тоо өмнөх оноос 0.9 хувиар өссөн байна. 

Манай улсын дундаж наслалт 69.6

Манай улсын дундаж наслалт 69.6 буюу эмэгтэйчүү­дийнх 75, эрэгтэйчүүдийнх 65 байна. Дундаж наслалтын хувьд аль ч оронд хүйсийн ялгаатай байдаг. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дөрвөн жилээр илүү амьдардаг аж. Харин дэлхийн хүн амын дундаж наслалт 2000 оноос эхлэн таван жилээр нэмэгджээ. Дундаж наслалтаар Монако Улс хамгийн өндөр буюу 89.42 байгаа бол Чад Улсад хамгийн бага буюу 49.81 байна. Харин манай улс дундаж наслалтаараа 159-д бичигджээ.  
ЭМХТ-өөс гаргаж буй “Эрүүл мэн­дийн үзүү­лэлт-2016” ном нь 15 бүлэг, 41 дэд бүл­гээс бүр­дэж байгаа бө­гөөд хүн амын эрүүл мэндийн үзүү­­лэл­түү­дийг нийт 97 хүснэгт, 92 зураг, 50 газарзүйн байрш­лын зургаар дүрслэн харуулж, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг сүүлийн 10 жилийн байдлаар харьцуулан гаргажээ. Номыг цахимаар ашиглахыг хүсвэл www.chd.mohs.mn холбоосоор орж болох юм. 

Р.Ренчиндулам