Элэгний В, С вирусийн эрт илрүүлгийн шинжилгээнд 21 аймгийн 79438 хүн хамрагджээ

С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдагсдын 14.2 хувь, В вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдагсдын 9.4 хувь нь эерэг байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварт тархалтыг таслан зогсоох “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр багтсан. Уг хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээг орон даяар хийж эхэлсэн. Тэгвэл энэ сарын 16-ны байдлаар 21 аймгийн 79438 хүн энэхүү шинжилгээнд хамрагдсан байна. Энэ нь хамрагдвал зохих хүн амын 21.4 хувийг эзэлж байгаа бөгөөд шинжилгээнд хамрагдагсдын 34.9 хувь нь эрэгтэй, 65.1 хувь эмэгтэйчүүд байгаа аж. 
21 аймгийн хэмжээнд С вирус  илрүүлэх шинжилгээг 65474 хүнд хийхэд 9273 тохиолдол нь эерэг гарсан бөгөөд энэ нь  шинжилгээнд хамраг­дагс­дын 14.2 хувь юм. Харин В вирус илрүү­лэх шинжилгээг 73412 хүнд хий­сэн бөгөөд шинжилгээний 6936 то­хиол­дол эерэг гарсан байна. Энэ нь  В вирус илрүүлэх шинжилгээнд хам­раг­дагсдын 9.4 хувийг эзэлж байгаа юм.
Улаанбаатар хотод гепатитийн вирусийн халдварын эрт илрүүлэг үзлэгийг энэ сарын 15-наас эхлэн зохион байгуулсан. Шинжилгээнд 10231 хүн хамрагдсан бөгөөд энэ нь хамрагдвал зохих хүн амын 3.1 хувь юм. Илрүүлэг шинжилгээнд 21 аймгаас хамгийн идэвхтэй хамрагдсан нь Говьсүмбэр аймаг байгаа бол Баян-Өлгий, Увс аймгуудад шинжилгээнд хамрагдагсдын хувь хамгийн бага байна. 
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг иргэдэд таниулах нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаа өнөөдөр Баянгол дүүрэгт, маргааш Сонгинохайрхан дүүрэгт, 23-нд Хан-Уул дүүрэгт болох юм. 
Дашрамд дуулгахад, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй гепа­ти­­тийн В, С вирусийн илрүүлэг шинжил­гээнд хамрагдах иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай юм.

О.Эрдэнэ