Цөлжилтөд нэрвэгдсээр л байг уу

Дэлхий нийт, тэр дундаа Азийн орнуудын газар нутаг жил ирэх тусам цөлжиж байгааг судлаачид онцолж байна. Өнгөрсөн бямба гариг буюу зургадугаар сарын 17 бол дэлхий нийтийн цөлжиттэй тэмцэх, цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх өдөр байлаа. Энэ жилийн хувьд Ази, тэр дундаа монголчууд энэ өдөртэй нэгдэж байсан 2007 оныхоос газар нутаг нь бараг гурав дахин их хэмжээгээр цөлжсөн байдалтай угтлаа.


Тодруулбал, манай орны нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөнийг салбарын эрдэмтэд тогтоож, Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланд тэмдэглэжээ. Энэ бол одоогоос 10 жилийн өмнөхөөс бараг 27 хувиар өссөн үзүүлэлт. 2007 онд “Манай орны нийт газар нутгийн 50 орчим хувь нь цөлжилтөд их бага хэмжээгээр өртлөө. Энэ бол холбогдох газруудаас анхааралдаа авч, цөлжилтийн эсрэг дорвитой, бодитой арга хэмжээ авах зайлшгүй шалтгаан мөн. Цөл­жилтөд өртсөн газар нутгийн хэмжээг тэлэхгүй байх, хумих, ойжуулах, моджуулах ажлыг эрчимтэй зохион байгуулах цаг нь иржээ” гэж байлаа. Гэвч 10 жилийн дараах бодит үр дүн ийм гарчээ. 1 сая 566 мянган ам км газар нутагтай Монголын 76.8 хувьд цөлжилт их бага хэмжээгээр үүссэн гэдэг бол Монгол Улс хөрсний доройтолд нэрвэгдсэний гэрч мөн. 

Говьсүмбэр аймгийн газар нутгийн  62.8 хувь нь цөлжилтөд өртжээ

Уг тайланд цөлжилт, газрын доройтол нэмэгдсэн газруудад Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, өмнийн болон дорнын говийн нутаг хэвээр хадгалагдан үлдэж байгаагийн зэрэгцээ өмнөх үеийн судалгаагаар тогтоогдсон Орхон-Сэлэнгийн сав нутаг, Хэрлэн голын сав, Дорнод Монголын хээрийн муж, Төв Халхын тэгш өндөрлөгийн хэмжээнд доройтлын үйл явц нэмэгдсэн дүнтэй гарчээ.
Энэ нь Монгол орны хэмжээнд өмнө нь хийгдсэн судалгааны үр дүнтэй харьцуулахад цөлжилт, газрын доройтол сүүлийн 15 жилийн хугацаанд эрчимжиж, улмаар доройтлын дунд, хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлийн хамрах талбай нэмэгдсэн үзүүлэлт аж. Судлаачид доройтол илэрсэн газар бүрийн хэмжээнд нөлөөлж буй хүчин зүйлийн 49 хувийг хүн болон малын шилжин суурьшилт, хөдөлгөөн, 51 хувийг байгалийн хүчин зүйлсийн нөлөөтэй хэмээн онцолжээ. Ингэхдээ цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд Говьсүмбэрийн нутгийн 62.8, Дорнодын 43.5, Дархан-Уулын 31.7, Сүхбаатарын 31.1, Дундговийн 27.9, Дорноговийн 21.9, Өмнөговийн 17.5 хувь хамрагдаж байгааг тодотгосон нь дээрх аймгуудад цөлжилт хамгийн эрчимтэй явагдаж байгааг илтгэж байгаа юм.  
НҮБ-аас 1997 онд жил бүрийн зургадугаар сарын 17-ныг Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан.
Манай улсын хувьд 2003 оноос цөлжилтийн асуудалд онцгой анхаарлаа хандуулж, 2010 онд Засгийн газраас Цөлжилтийн эсрэг үндэсний хөтөлбөрийг баталж байсан юм. Гэвч энэ хөтөлбөр хэр хэрэгжиж байна вэ. Үр дүн нь нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилтөд өртсөн гэх тоо юу. Энэ талаар тодорхой баримт, дүгнэлт, тоо алга. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөрийг хөдөлгөж, үр дүнтэй, бодит ажил хийх цаг нь болжээ. 

Цөлжилт бол зөвхөн элс биш

Цөлжилт гэхээр олонх хүний санаанд элсэрхэг газар нутаг буух байх. Тэгвэл энэ өрөөсгөл ойлголт юм. Цөлжилт гэдэг нь ургамлаар бүрхэгдсэн газар үржил шимгүй болон хувирч байгаль экологийн ямар нэгэн солилцоонд орох чадваргүй болохыг хэлдэг.
Цөлжилтийн тухай ярихын тулд байгаль орчны бусад доройтлыг хамтад нь авч үзэх хэрэгтэй. Учир нь энэ олон сөрөг үзэгдэл хоорондоо нарийн холбоотой явагдаж байдаг байна. Өөрөөр хэлбэл ойн нөөц багассанаас газрын гүн дэх мөстлөгийн хэмжээ нимгэрч, тэр хэмжээгээр хуурайшилт явагдаж энэ нь цөлжилтийг бий болгож, цаашлаад гол мөрөн ширгэх нөхцөлийг бүрдүүлнэ. Манай орон жил болгон ширгэж байгаа гол мөрнийхөө тоог гаргадаг. Гаргаж байгаа нь сайн ч энэ жилийн ширгэсэн гол, нуурын тоо өмнөх жилийнхээс давсан байх нь элбэг болсон. 
Нэгэнт бий болсон цөлжилтийг багасгана гэдэг нь газрын гүн дэх мөстлөгөө тогтоон барихаас эхэлнэ гэдгийг судлаачид онцолж буй. Мөстлөг нь олон зуун метрийн зузаантай мөс газрын гүнд дэлхийн бөмбөрцгийн хөрсний чийгийг хадгалж буй байгалийн тогтоц.
Үүнийг хамгаалахын тулд яах ёстой вэ гэж үү. Мод бутыг хайр найргүй тайрах нь модны үндэсний тусламжтай оршиж байдаг тэрхүү мөстлөгийг нимгэрэх боломжийг бүрдүүлдэг байна. Энэ нь цаашлаад бидний дээр хэлсэн хуурайшилт, цөлжилтийн эх үүсвэр болдог аж. Цөлжилт нь тухайн бүс нутгийн хөрсний байдлаас хамаарч ялгаатай байдлаар үргэлжилдэг. Голчлон хөрсний алдагдал, давсжилт, элсжилт гэсэн гурван байдлаар илэрдэг байна. Манай орны хувьд эдгээрээс хөрсний элсжилт нь түгээмэл бөгөөд элсжилт гэдэг нь элс нүүж, газрын хөрсийг элэгдэлд оруулахыг хэлдэг. 

Цөлжсөн газраа хашаалж, бордох замаар сэргээж байна

Гаднын орнуудад цөлийг хэрхэн ашиглах талаар стратеги, төсөл хөтөлбөр хэрэгждэг байна. Хамгийн ойрын жишээ гэхэд БНХАУ-ын цөлжилтөөс сэргийлэх, хамгаалахаар хийж байгаа хамгийн сүүлийн үеийн арга нь бэлчээрээ хашаалж байгаа явдал гэнэ. Тэд цөлжилт явагдаж эхэлмэгц тухайн талбайг хашиж услахын зэрэгцээ байгалийн бордоогоор бордож байгаа нь ихээхэн үр дүнтэй арга болж байгаа тухай мэргэжилтнүүд хэлж байна. Энэ арга манайд ч ашиглахад тохиромжтой. Цөлжилт бол нэг хүний шийдэх асуудал биш, төр засаг албан тушаалтны амлалтандаа оруулаад өгдөг мөнгө бүр биш ээ. Нийтээрээ тэмцэж байж үр дүнг нь харах цогц үйл ажиллагаа гэдгийг салбарынхан нь цөөнгүй жил хэлж байгаа. 
Харин манайд цөлжилтийн эсрэг үйл ажиллагааг зохион байгуулах хүрээнд 14 аймаг цөлжилттэй тэмцэх хөтөлбөр, долоон аймаг дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан холбогдох аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулан хэрэгжүүлж байгаа юм байна. Цөлжилтийн анхан шатны мониторингийн сүлжээг 1500 цэгт байгуулан, анхан шатны мэдээлэл бүрдүүлж байгаа нь өмнөх жилүүдийг бодвол том дэвшил.
Түүнчлэн “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын хөрөнгөөр 2005-2015 онд нийт 7059.8 га талбайд ойн зурвас байгуулжээ. Улсын хэмжээнд говь, хээрийн бүсийн 15.7 сая га талбай бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, энэ нь улсын нийт газар нутгийн 10.03 хувийг эзэлж байна. 2015 оны байдлаар 2009 булаг, шандны эхийг улсын төсвийн хөрөнгө болон гадаадын төслүүдийн санхүүжилтээр хашиж, хамгаалах ажил хийж гүйцэтгэсэн хэмээн ажлын албаныхан тайлбарлажээ. Энэ бүхэн цөлжилтийг сааруулахад тодорхой хэмжээгээр тус нэмэр болж буй ч бүрэн хэмжээнд биш юм. Эрчимтэй явагдаж буй цөлжилтийг сааруулж буй жишээг бид БНСУ, Япон зэрэг орноос харж болно.
Тэд сүүлийн 20 орчим жилд зөвхөн цөлжилтийг сааруулахын тулд хэдэн сая га талбайг ойжуулаад байна. Ингээд зогсохгүй цөлжилт, газрын доройтол аль талаас нутаг руу нь түрж байгааг судалж, бусад орны цөлжилтийг сааруулахад хөрөнгө гаргаж, моджуулж эхлээд буй. Үүний нэгд манайх орж, дээрх хоёр улсаас цөөнгүй төсөл хөтөлбөр хэрэгжиж, тодорхой газрыг моджуулж өгсөн ч хамгаалалт, арчлалтын тал дээр манайхан муу үнэлгээтэй яваа. Өөрөөр хэлбэл, ойжуулах, моджуулах гэж хөрөнгө мөнгө гарган мод тарьдаг ч түүнийгээ арчлан ургуулах, хамгаалах тал дээр бидэнд туршлага гэхээсээ илүү сэтгэл дутдаг гэхэд хилсдэхгүй. 

Малаа цөөрүүлэх нь цөлжилтөөс сэргийлэх нэг алхам

Байгаль орчны төлөв байдлын тайлангийн нэг чухал зүйл нь малын хөл, бэлчээрээс үүдэлтэй цөлжилтийн байдлыг тогтоосон явдал. Нэгж талбайд ногдох малын тоо толгойн өөрчлөлтийг судалж үзэхэд 1980-2000 оны хооронд нэг га-д ногдох малын тоо 100-300 хонин толгой байсан бол 2000-2015 оны хооронд энэ үзүүлэлт 400-500 хонин толгой болж өссөн дүнтэй байна. Монголын бэлчээр нийт 80-90 сая хонин толгой малын багтаамжтай буюу нэг га-д 500-600 хонин толгой нягттай байхаар эрдэмтэд тооцоолсон байна. 1980-1990-ээд онд малын тоо толгой тогтвортой байсан бөгөөд 1991 оноос хойш бэлчээрийн даац, багтаамж улсын хэмжээнд тасралтгүй хэтэрч ирсэн.
Орон зайн хувьд малын тоо толгой өсөх хандлага нутгийн төв болон зүүн бүсэд илүүтэй ажиглагдаж байна. Харин тоон өөрчлөлтийн хувьд сүүлийн 15 жилийн хугацаанд Дархан-Уул, Орхон, Төв, Хэнтий аймагт нэг га-д ногдох малын тоо толгой жилд 500-700 хонин толгойгоор, харин бусад нутагт 100-300 хонин толгойгоор тус тус өсчээ. Малын тоо толгойн өсөлт хамгийн түрүүнд ургамлын нөмрөгт нөлөөлөх бөгөөд ургамлын нормчилсон индексэд ижил хугацаанд гарсан өөрчлөлтийг үнэлж үзэхэд, малын тоо толгой өссөн бүс нутгуудад ургамлын нөмрөг сийрэгжсэн. Жилд -0.007-0.002 нэгжээр ургамлын нөмрөг буурч байгаа нь цаашид малын тоо толгойг зохицуулалтгүй нэмэгдүүлэх нь газрын чанарт сөрөг өөрчлөлт үзүүлэх үндсэн нөхцөл болж байна. 
Монгол Улс 111.0 сая га бэлчээр, 1.7 сая га хадлангийн талбай, нийт 112.7 сая га хадлан бэлчээрийн нутагтай. 2016 оны байдлаар 61.5 сая толгой мал бүхий 160 гаруй мянган малчин өрх бэлчээр ашиглаж байна. Бэлчээр, хадлангийн талбай нь хөдөө аж ахуйн нийт эдэлбэр газрын 97 хувийг эзэлдэг. Бэлчээрийн талбайг 1964 оныхтой харьцуулахад цөлжилтийн улмаас 2015 онд есөн сая га талбайгаар багасчээ.
Малчид 52.9 сая га бэлчээрийг өвөл, хаврын улиралд, 60.3 сая га бэлчээрийг зун намрын улиралд ашиглаж байна. 2015 оны байдлаар 112.7 сая га бэлчээрийн долоон хувь нь нэн хүчтэй талхлагдалд, 63 хувь нь хүчтэй талхлагдалд өртөж, ургац 20-30 хувиар буурсан бөгөөд нийт 1683121 га бэлчээрт хөнөөлт мэрэгч, шавж голомтлон тархсан байна. Үүнээс гадна хариуцлагагүй уул уурхай ч бас цөлжилтөд хүргэж байна. Тодруулбал, 2016 оны байдлаар 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 4200 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж эзэнгүй орхигджээ. Говь, хээрийн бүсийн төв суурин газрын түлшний хэрэгцээнд загийг их хэмжээгээр ашигласантай холбоотой 125.0 мянган га газрын заг, бут сөөг бүрэн устсан аж. 2016 онд 13 аймгийн 47 суманд 81 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 21293 га ой, 332.653 га хээр, нийт 353.946 га талбай түймэрт өртсөн нь энэ хэмжээний газрын хөрс доройтож үлдсэнийг хэлж буй юм. Мөн 1.2 сая га тариалангийн талбайн 548.7 мянган га нь атаршсан хэвээр байна. Энэ бол цөлжилтийг сааруулах бодит үнэлгээ, арга замыг зөв гаргаж, нийт нутгаа цөлжихөөс өмнө, цөлжсөн Монгол болохоос урьтаж бодит ажил хийх цаг ирсний баталгаа. 
 

Б.Энхмарт