Б.Мэндсайхан: Монголын усан цахилгаан станцуудад загас дамжин өнгөрүүлэх байгууламж байхгүй

Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарт Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, загас судлаач, доктор Б.Мэндсайхантай ярилцлаа. 

-Сайн байна уу. Та өөрийн­хөө тухай болоод мэргэжил, судалгааны ажлынхаа талаар танилцуулна уу?
-Намайг Б.Мэндсайхан гэдэг. ШУА-ийн Газарзүй-Гео­экологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарт Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна. Мон­гол оронд хулынхны овгийн загасыг зориудын аргаар үржүү­­лэх туршилт судалгаа, нуур, голуудын загасны эколо­ги, шилжилт хөдөлгөөний судал­гаа, амьдрах орчны  доройт­­лоос үүдэн гарах загасны хо­хир­лыг тооцох, агнуурын нөөц бүхий нууруудын загасны нөөц тог­тоох зэрэг чиглэлээр 28 жил тасралтгүй ажиллаж байна даа.

-Монгол оронд хэчнээн төрлийн загас байдаг вэ?
-Монгол орны загасны судалгааг Орос-Монголын, Герман-Монголын, Чехословак-Монголын гэсэн олон улсын экспедиц хийсэн байдаг. Үүнээс Орос-Монголын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн гидробиологи, загас судлалын отряд 1975 оноос Монгол орны загас, усны амьтдын судалгааг тогтвортой явуулж ирсэн. Энэ экспедицийн хүрээнд манай доктор, профессор А.Дашдорж, Академич А.Дулмаа, судлаач Г.Баасан­жав, асан Я.Цэнд-Аюуш, М.Эрдэнэбат нарын эрдэмтэн судлаач ОХУ-ын эрдэмтэн судлаачидтай хамтран 14 овгийн 36 төрлийн 74 зүйлийн загас бий гэж тэмдэглэсэн байдаг. Миний хувьд ОХУ-ын эрдэмтэн, Академич Ю.Ю.Дгебуадзе гэж багшийнхаа хамт “Монгол орны загасны лавлах бичиг” гэсэн ном бичиж байна.
Энэ номондоо урьд нь хэвлүүлсэн эрдэмтдийн бүтээл,  сүүлийн 30 жилд энэ экспедицийн хүрээнд хэвлэсэн бүх эрдэмтний бүтээлийг шүүн дүгнэсний дүнд одоогийн байдлаар манай оронд долоон баг, хоёр дэд багийн 14 овгийн 46 төрлийн 78 зүйл загас бий гэж тэмдэглээд байна.
-Монголд төдийгүй дэлхийд ховордсон хэчнээн төрлийн загас байна вэ. Сүүлийн жилүүдэд төрөл зүйл нь хамгийн их хомсдож буй загаснаас нэрлэж, шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Манай орны эрдэмтэн судлаачид Дэлхийн байгаль хамгаалах холбоо­ноос гаргасан Улаан дансны зэрэглэл болон шалгуурыг бүс нутгийн түвшинд хэрэглэх арга зүйг ашиглан 2006 онд Монгол орны нуур, голуудад тархан амьдрах уугуул 64 зүйл загасыг үнэлэн “Монгол орны загасны Улаан данс” номыг гаргасан. Энэхүү номонд тухайн үнэлэгдсэн зүйл загасны хоёр хувь нь устаж байгаа, 13 хувь нь устаж болзошгүй, найман хувь нь эмзэг, зургаан хувь нь ховордож болзошгүй, 25 хувь нь анхааралд өртөөгүй, 46 хувь нь мэдээлэл дутмаг гэсэн ангиллаар орсон байгаа.  
Үүнээс Монгол орны Улаан номонд орсон байгалийн хилэм загас устаж байгаа, цэнгэг усны индикатор, спорт загасчлалын гол төлөөлөгч болсон тул загас устаж болзошгүй гэсэн ангилалд багтсан.
Мөн Хойд мөсөн далайн ай савын нуур, голуудад тархан амьдрах манай орны загас агнуурын гол төлөөлөл болсон дархадын цагаан загасыг устаж болзошгүй гэсэн ангилалд оруулсан. Байгалийн хилэм болон тул загас нь  дэлхийн хэмжээнд эмзэг гэсэн ангилалд багтдаг. Байгалийн хилэм загас нь Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдах тухай конвенцийн II хавсралтад (CITIS), цагаан загас нь Европын зэрлэг амьтан болон Байгалийн унаган нутгийг хамгаалах конвенцийн III хавсралтад орсон. Тэгэ­хээр манай улс хүн төрөлхтний өмнө эдгээр зүйл загасны тархац нутаг, байгалийн генефондыг хадгалан хам­гаалах хариуцлага хүлээдэг гэсэн үг.
-Монголын аль нутаг хамгийн олон төрлийн болоод олон загастай вэ. Бас өвөрмөц, сонин загаснаас нэрлэж, амьдралын хэвшил, тархац нутгийнх нь талаар мэдээлэл өгөөч?
-Манай орны нуур, голууд нь дэлхийн гурван том ус хагалбарт багтдаг. Үүнээс Номхон далайн ай савд хамаарагдах Онон, Хэрлэн, Буйр нуур нь загасны зүйлийн хувьд хамгийн баялаг юм. Буйр нуурт л гэхэд есөн овгийн 33 зүйлийн загас тархан амьдардгаас 16 зүйл нь агнуурын ач холбогдолтой.
Онон гол нь Монгол орны бусад ай савын голыг бодвол загасны зүйлийн бүрдлээр харьцангуй баялаг  бөгөөд түүнд 28 зүйл тархсан.Буйр нуур, Онон, Хэрлэн, Оршуун, Халх голд тархан амьдрах агнуурын бус халбаган жараа загасны биеийн урт 12.6 см хүрэх бөгөөд энэ загасны атуу (эм загас) нь үржлийнхээ үед хагны уут нь сунан уртасч дунгийн хясаан завсар түрсээ орхино. Түрс нь тэндээ үр тогтон хөврөлийн хөгжил нь явагддаг онцлогтой.
Гэтэл бусад загас нь зүйлийнхээ онцлогоос шалтгаалан хайрга чулуун, ургамал, элс, усны гадаргад түрсээ шахан орхидог. Иймээс халбаган жараа загасны тоо толгой нь түрс шахсан дунгийн тоо толгойноос шууд хамаарч байдаг. 
-Дөргөний усан цахилгаан станцын нөлөөгөөр хадран загасны тоо толгой эрс цөөрч, устаж байгаа гэсэн. Таныг тэнд судалгаа хийсэн гэж дуулсан юм. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Чонохарайх гол дээр баригдсан Дөргөний усан цахилгаан станц нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамаарагдах бөгөөд загасны зүйлийн бүрдлийн хувьд маш ядмаг энд  потанины Алтайн сугас, монгол хадран гэсэн агнуурын ач холбогдолтой, унаган хоёр зүйл загас байдаг. Голын аль хэсэгт усан цахилгаан станц баригдсанаас шалтгаалан  усан санд тэжээлийн бааз шинээр бүрэлдэх нь харилцан адилгүй бөгөөд загасны шилжилт хөдөлгөөн, нүүдэлд ч харилцан адилгүй нөлөө үзүүлнэ. Монгол орны хэмжээнд байгуулагдсан усан цахилгаан станцуудын усан сангийн судалгааг Орос-Монголын хамтарсан экспедицийн загас судлал, гидробиологийн хэсгийн эрдэмтэн, судлаачид 2008 оноос тогтмол явуулж байна.
Судалгааны ажлын үр дүнгээс харахад шинээр байгуулагдсан Дөргөний усан цахилгаан станцын усан санд макросээр нуруугүйтний бүлгэмдэл хараахан бүрэлдээгүй, харин хөвөгч амьтдын тэжээллэг чанараараа их шимт усанд хамрагдаж байна. Усан сангийн хэсэгт сээр нуруугүйтэн амьтдын биоценоз дөнгөж бүрэлдэж байгаа тул идэш тэжээлийн хувьд ядмаг. Түүнчлэн Дөргөний усан сангийн хэсэгт амьдрах орчин, идэш тэжээлийн онцлогоос хамааран зөвхөн потанины Алтайн сугас загас зонхилж байгаа бөгөөд  монгол  хадран загасны амьдрах орчин хараахан бүрдэлдэж эхлээгүй. Ийнхүү Дөргөний усан цахилгаан стан­цын далан нь Хангай, Алтайн нурууны хооронд чөлөөтэй явагдах монгол хадран загасны генетикийн нэгдмэл цул популяцийг таслан баруун, зүүн гэсэн тусгаарлагдмал хэсэгт хувааж байна.
Гэхдээ Хар нуурын илүүдэл ус Татхан-Тээлийн голоор дамжин Завхан голд цутгах бөгөөд энэ хооронд монгол хадран загас шилжилт хөдөлгөөн хийнэ. Үрж­лийнхээ үед Хар нуураас Чонохарайх голыг өгсөн түрсээ шахаж байгаа монгол хадран загас нь Дөргө­ний усан цахилгаан станцаас доош хэс­гийн хайрга чулуун ёроолтой хэсэгт түрсээ шахан адаптацид орсон байна. Үүнээс харахад Дөргөний усан цахил­­гаан станц нь Чонохарайхын гол дахь Монгол хадран загасны үржлийн тал­байн 10 хувийг алдагдуулж байгаа юм. 
-Хадран загасны ач холбогдол, онцлогийн талаар хэлж өгнө үү?
-Манай орны нуур, голуудад таван зүйлийн хадран загас тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс Алтайн өндөрлөг, Их нууруудын хотгорын нуур, голуудад тархан амьдрах монгол хадран загас, Хөвсгөл нуурт амьдрах хөвсгөл хадран загас нь нутгийн унаган зүйл загас юм. Өөрөөр хэлбэл, хадран загас нь манай орны тухайн амьдардаг нуур, голоосоо өөр хаана ч амьдардаггүй гэсэн үг.
Хадран загас маань цэнгэг усны индикатор бөгөөд энэ загасны тоо толгой их байвал амьдарч байгаа орчин нь байгалийн унаган төрхөө алдаагүй байна гэж үздэг. Монгол хадран загас нь бусад дөрвөн зүйлийн хадрангаа бодоход биеэр хамгийн том бөгөөд урт нь 70 см, жин нь гурван кг хүрнэ. 5-6 насандаа үржилд орно. Үржил дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, ус 4-6.0  хэм болоход нуурт цутгаж буй голоо өгсөн сүрэглэн хайрга чулуун ёроолд үүр засан түрсээ шахна.
Үр тогтосны дараа атуух (эр загас) нь 7-10 хоног үүрээ манана. Атуу (эм загас) 17-18 мянган түрс гаргана. Монгол хадран нь 16 насална.  Голчлон ёроолын амьтан, загасаар хооллодог холимог идэштэй загас юм. Хадран загасны маханд уураг 14.3-17.4, өөх тос 2-5, эрдэс бодис 0.8-1.3 хувь агуулагддаг учир хүнсний гол уурагт бүтээгдэхүүн болдог.
-Хадран загасны шилжилт хөдөлгөөнийг хянах, үржлийг нь тогтоохоор уян пластик суурилуул­сан гэж байсан. Энэ ажил хэр үр дүнтэй байгаа вэ?
-Манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 2017 оны дөрөвдүгээр сард Монгол хадран загасны шилжилт хөдөлгөөн, үржлийн газрын байршил, үржлийн нүүдлийг тогтоох зорилгоор Чонохарайх гол, Ховд голын Шижигтэйн хавцал орчим Монгол хадран загасанд хувийн дугаар бүхий уян пластик тэмдэглэгээг нурууны сэлүүрийнх нь доод хэсэгт байрлуулж өгсөн. Энэхүү зүүлт нь загасандаа ямар ч хор хөнөөл учруулахгүй уян пластик тэмдэглэгээ юм.
Энэ нь Баруун Монголын нуур, голын системд анхны ажил болж байгаагаараа онцлог юм. Одоо харин зүүлт, тэмдэглэгээний талаар орон нутгийн иргэдэд ухуулан таниулж хэрэв тохиолдлын журмаар зүүлт, тэмдэглэгээтэй хадран загасыг барьвал барьсан газрын нэрийг, тухайн загасны зүүлт тэмдэглэгээтэй хамт Дөргөний усан цахилгаан станцад болон Хар-Ус нуурын тусгай хамгаалалттай газрын захиргаанд авчирч өгч заншмаар байна. Энэ нь мөн хадран загасны улирлын шилжилт хөдөлгөөн, тэр тусмаа үржлийн нүүдлийг хянах, үнэн зөв мэдээлэл авахад ихээхэн ач холбогдолтой. Бид дахин барилтын аргаар тоо толгой, шилжилт хөдөлгөөнийг тогтооно. Энэ нь шинэлэг арга зүй боловч цаг хугацаа их шаардана. 
-Усан цахилгаан станц байгуулж байгаа хүмүүс болон гаднынхан хиймэл нуур үүсгэж, түүндээ загасны түрс шахуулж, үржүүлнэ гэж ярьдаг. Энэ хэр бодитой, үр дүнтэй арга вэ. Ийм туршлага манайд бий юү. Үр дүн нь ямар байгаа вэ?
-Загас агнуур өндөр хөгжсөн орнуудад загас олборлолтыг зориудаар үржүүлэх ажилтай хослуулан агнуурыг прогнозчилдог. Агнуурын нөөц нь хомсодсон манай орны хувьд уламжлалт загас агнуурын аж ахуйг загасны аж ахуйтай хавсран явуулж өөрийн орны нөхцөлд тохирсон загас үржүүлгийн технологийг боловсруулан загасыг зориудын аргаар үржүүлж, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, таваарын чиглэлээр загас өсгөвөрлөх ажлыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Би загас үржүүлгийн мэргэжилт­ний хувьд загасыг зориудын аргаар үржүүлэх туршилт судалгааг 1989-1996 онд Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Хогоргын аманд хийж тул, зэвэг, шивэр хадран загасыг үржүүлэн бие даан амьдрах чадвартай жараахайгаар байгалийн нөхөн сэргээлт хийж байсан. Манай оронд загасыг зориуын аргаар үржүүлэх анхны туршилтыг Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн судлаач Г.Баасанжав, н.Энхцэцэг нар Буйр нуурт булуу цагаан үржүүлэх, Ой, ан судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн Н.Одончимэг, Анчдын нийгэмлэгийн ажилтан н.Лхамсүрэн нар Хөвсгөл нуур Алаг Царын голд хөвсгөл хадран загасыг үржүүлэх туршилт судалгааг хийж байсан түүхтэй.
-Усан цахилгаан станц гэх мэт үйлдвэрлэл, хүний нөлөөгөөр загас мутацид орох, унаган төрхөө алдаж, давжаарах зэрэг тохиолдол байдаг уу. Байгаа бол тодорхой жишээ хэлж өгөөч?
-Одоохондоо бидний судалгаагаар ажиглагдсан юм алга. Харин Дөргөний усан санд үүсч байгаа потанины Алтайн сугасны популяцид урьд нь зөвхөн Хомын хоолойд тархан амьдардаг хэмээн тэмдэглэгдсэн шөв­гөр хоншоорт сугасны хэлбэр  үүссэн байгаа нь зүйлээс хэлбэр үүсэх дивергенцийн үзэгдлийг судлах болом­жийг бүрдүүлж байна. Энэ нь шинээр үүссэн усан сангийн тэжээлийн баазад шөвгөр хоншоорт сугасны голлох идэш тэжээл болсон хөвөгч амьтад ихээр бүрэлдэн тогтсонтой холбоотой болов уу. Цаашид урт хугацааны нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай.
-Гаднын улс орнууд усан цахил­гаан станц байгуулахдаа тухайн гол, нуурын загасыг хамгаалах, тоо толгойг нь хорогдуулахгүй байхад хэрхэн анхаардаг вэ. Манайд юу дутагдаж байна вэ?
-Дэлхийн олон улсын практикт усан цахилгаан станц барихдаа тухайн голд тархан амьдрах загасны зүйлийн бүрэлдэхүүнээс шалтгаалан тэдгээрийн шилжилт хөдөлгөөн, үрж­лийн нүүдлийг алдагдуулахгүйн тулд биологийн онцлогт нь тохирсон загас дамжин өнгөрүүлэх усны барилга байгууламж барьж өгдөг. Гэтэл манай оронд баригдсанусан цахилгаан стан­цуу­дад загас дамжин өнгөрүүлэх байгуу­ламж байхгүй. Жишээлбэл, Дөргө­ний усан цахилгаан станц нь тухайн зүйлийнхээ биологийн онцлогт тохи­роогүй байгууламжийг барьсан. Иймээс дахин иймэрхүү алдаа гаргах­гүйн тулд мэргэжлийн судлаачдын багаас, эрдэмтэн судлаачдаасаа сайн асууж заавар зөвлөгөө авах шаард­лагатай. Нэгэнт баригдсан усан цахилгаан станцуудын хувьд шинээр үүссэн усан сангуудыг түшиглэн тухайн голд нь амьдарч байгаа агнуурын ач холбогдолтой, мөн нэн ховор, ховор зүйлүүдийг зориудын аргаар үржүүлэн бие даан амьдрах чадвартай жараахайг усан сангаас дээш, доош тавин загасжуулах шаардлагатай байна. 
-Зарим аймагт хүнсний нөөцөө нэмэх зорилгоор загас үржүүлж эхлээд байгаа. Жишээ нь, Баянхонгор аймгийн Түйн голд хадран, зэвэг гэх мэт төрлийн загас нутагшуулж эхэлсэн байсан. Энэ хэр үр дүнтэй вэ? 
-Баянхонгор аймгийн Түйн гол нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савын Говийн хөндийн нуурын савд хамаарагддаг бөгөөд энэ ай савын нуур, гол нь загасны зүйлийн бүрдлийн хувьд ядмаг, эмзэг, унаган зүйлийн бүрэлдэхүүнээс бүрдсэн байдаг. Түйн голд Алтайн давжаа сугас, сахалт эрээлж гэх хоёр зүйл загас тархан амьдардаг. Үүнээс Алтайн давжаа сугас нь Орог нуур хатаж ширгэхэд голдоо амьдран голын хэлбэрийг үүсгэдэг бөгөөд ус ихтэй жил нуур усаар дүүрэхэд өөрийнхөө үр төлийг идэн томорч нуурын хэлбэрийг үүсгэдэг онцлогтой загас юм. Нуурандаа бие нь 50 см хүрэх бөгөөд агнуурын ач холбогдолтой. Гэтэл тухайн савд амьдардаггүй загасыг Умард мөсөн далайн ай саваас авчирч нутагшуулна гэдэг бол буруу, тэр дундаа урсгал усанд бол бүр буруу. 2003 онд Загийн голын дээд эх Биндэръяа Хөх нуурт Чулуутын голоос шивэр хадран, зэвэг загасыг нутагшуулсан байдаг.
Энэ нь тухайн орчиндоо дасан зохицож агнуурын хэмжээнд хүрч улмаар Загийн голоор дамжин Байдраг голын цүнхээл хэсэгт өвөлждөг болсон. Мэдээж нутагшуулсан шивэр хадран, зэвэг загас нь нутгийн уугуул Алтайн давжаа сугасыг бодоход таваарлаг чанар сайн боловч эдгээр нь тухайн ай савдаа харь зүйл гэсэн үг. Харь зүйл нь шинэ орчинд дасан зохицон тэлж улмаар унаган экосистем болон түүний төрөл, зүйлүүдэд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Энэ нь амьдрах орчин, идэш тэжээлийн өрсөлдөөнд орох бөгөөд улмаар харь зүйлээр дамжин нутгийн уугуул загасанд шимэгч хорхой халдварлах зэрэг эрсдэлтэй. Одоогоор нутгийн уугуул загасанд үзүүлж буй нөлөөллийн талаар бидэнд судалсан зүйл алга, судлах шаардлагатай байна. 
-Гаднын загасчлагч, загасны агнуур хийдэг хүмүүс ихэвчлэн ямар төрлийн загас барих сонирхолтой байдаг вэ?
-Манай орны нуур голуудад тархан амьдрах ердийн тул загасны биеийн урт хоёр метр хүрэх бөгөөд энэхүү цэнгэг усны “чоно” хэмээн нэрлэдэг тул загасыг хиймэл өгөөшт дэгээ буюу флайшингээр барих нь ихээхэн тэвчээр, сонирхол татдаг. Иймээс спорт-аялал жуулчлалын тусгай эрхтэй компаниуд нь гадаадын иргэдийг авчиран тул загасыг бариад буцаан тавиулдаг.Ердийн тул загас нь Монгол Улсын Амьтны тухай хуульд ховор амьтан, мөн Улаан номонд орсон боловч түүнийг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр бариад буцаан тавьж болдог. 
-Монгол Улс загас хамгаалал, үржүүлэг, агнуурын тал дээр хууль, эрх зүйн орчны хувьд сайн байж чаддаг уу. Засаж залруулмаар, цаашид авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай зүйлс юу байна вэ?
-Нэг үеэ бодвол байгаль хамгаалал, тэр дундаа загас хамгааллын талаар бодлогын хэмжээнд их зүйл хийж байна. Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас 2014-2015 онд аймгийн бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд тусгай болон ахуйн зориулалтаар загас барих бүсийг тогтоон загас агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулж, нутгийн иргэдэд түшиглэсэн менежментийг явуулан агнуурын бүс нутаг маань эзэнтэй болж хараа хяналт нь сайжирч байна. Гэвч менежмент хариуцагч нөхөрлөлүүд маань санхүүгийн чадавх сулаас хамгааллын ажил хийхэд хөрөн­гө мөнгө нь хүрэлцэхгүй тал байна. 
Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, АНУ-ын байгаль хамгааллын RARE байгууллагатай хамтран 2007 оноос Онон голын сав газарт тул загасыг хамгаалах ажлыг Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дадал, Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт зохион байгуулж ирсэн. Үүний дүнд дээрх зургаан сумын загасчид, загас сонирхогчдыг нэгтгэн “Онон голын загасчдын клуб”-ыг байгуулан тодорхой давтамжтайгаар сургалтад хамруулж тул загасны тархац, байршил, амьдрах орчин, үржлийн газар, биеийн хэмжээний талаар мэдээллийн сан бүрдээд байгаа нь сайшаалтай. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хууль бус аргаар, ялангуяа тэсэрч дэлбэрэх бодис ашиглан загас барьдаг ухамсар муутай хүмүүс байсаар байгаа нь харамсалтай.    
Сүүлийн үед хүмүүс загас үржүүлэх, нутагшуулах сонирхол ихсэж байгаатай холбогдуулан БОАЖЯ-наас харь зүйл амьтны тухай журмыг сайжруулан бодлогын хэрэгжилтэд хяналт тавих хэрэгтэй байна. Мөн харь зүйл загас болон нэн ховор байгалийн хилэм загасны судалгааны ажил явуулах зайлшгүй шаардлагатай байна.
 

Б.Энхмарт