Ц.Дуламсүрэн: Автомашин хүрэх боломжгүй газар усаа 20-30 литрээр нь үүрч зөөж байлаа

Богдхан ууланд томоохон хэмжээний хэд хэдэн түймэр гарсан. Үүнтэй холбоотойгоор түймэр унтраахад тулгарч буй бэрхшээл, бусад асуудлын талаар Богдхан уулын Дархан цаазтай газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Богдхан ууланд хэд хэдэн түймэрч гарч, байгаль хамгаалагчид болон онцгой­гийнхон олон хоног ажил­ласан. Түймрийг цурманд оруулж чадсан уу?
-Голдуу явган аялагчдын маршрутын замын дагуу ойр ойрхон таван түймэр гарсан. Одоогийн байдлаар Залаатын амны түймрийг онцгойгийнхон унтраагаад цурман дээр нь манайхан ажиллаж байгаа. Уулын түймрийн аюултай нь модны ёроолоор үргэлжилдэг. Өдөр нь ус асгаад унтраалаа гэхэд доогуураа шатаж байгаад маргааш нь өөр газраар гараад ирдэг. Тиймээс  хүн хүч, эдийн засгийн хүндрэл гарсан. Тухайлбал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зургаан мэргэжилтэн, нэг жолооч, 23 ойн хамгаалагчтай.  Ийм бүрэлдэхүүнээр түймэр гарсан даруйд нь шуурхай дарах боломжгүй.  
-Түймэр явган аялагчдын маршрутын замын дагуу гарч байна гэлээ. Үүнийг зогсоохын тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Энэ хавар Богд ууланд арван түймэр гарсан. Сүүлийн гурван түймрийн голомт дээр манай байгууллагын бүх ажилтан өдөр шөнөгүй ажиллаж цурманд оруулсан. Нэг хэсэг нь ус зөөж байхад нөгөө хэсэг нь голомт дээр ажиллах жишээтэй. Нойр хоолгүй ингэж ажилласан зарим хүний бие муудаж, эмнэлэгт хэвтсэн тохиолдол ч бий. Онцгойгийнхон гол хүч болж байгаа ч машин нь гарч, хүрч болохооргүй газарт бид 20-30 литрийн савтай усаа үүрээд түймэр гарч байгаа газар руугаа зөөж байлаа. Нийслэлчүүдийн явган аялах хамгийн ойр газар нь Богдхан уул. Гэхдээ гал түлж, тамхи татчихаад гал, цогоо бүрэн унтраалгүй явчихдаг. Үүнээс нь болж түймэр гарч, байгальд болон улсад их хэмжээний хохирол учирч байгааг ард иргэд, аялагчид ойлгох хэрэгтэй. 
-Тусгай хамгаалалттай газрыг хариуцсан яам, тамгын газруудаас байгалийн гамшиг тохиолдсон үед тусламж, дэмжлэг үзүүлж байна уу?  
-Салбарын яамнаас тухай бүрт дэмжлэг үзүүлж байгаа. Тодруулбал, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Хан Хэнтийн дархан цаазат газар, манай хоёрт тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Үүгээр албан хаагчдын хоол хүнс, техник хэрэгслийн шатахууны хэрэгцээг шийд­вэрлэж байна.  Мөн Цэцээ гүний явган аяллын маршрутыг 10 сая төгрөг гаргаж, янзалж өглөө. Зайсанд автомашины зогсоол, аялагчдын амрах газар гэх мэтээр иж бүрэн тохижуулахаар ажиллаж байна. Эдгээр асуудлыг шийдэж чадвал аялагчид зориулалтын газраа амарч, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гал түймэр төдийгүй бусад эрсдэл, аюул эрс буурах юм. 

Б.Энх