Улаанбаатарын 350 га-д л хүний гараар бүтээсэн ногоон байгууламж бий

Хөгжингүй орнуудын хотуудад газар нутгийн 50 хувьд нь ногоон байгууламж байх ёстой гэсэн жишиг бий. Манай нийслэлийн хувьд гол дагасан бургас, гудамж талбайд тарьж, ургуулсан мод, цэцэг зэргийг хамруулаад нийт газар нутгийн 14 хувийг ногоон байгууламж эзэлдэг байна. Тодруулбал, нийслэл хот 35 мянган га эдэлбэр газартай бөгөөд үүний 14 хувь буюу таван мянган га талбайд ногоон байгууламж бий гэсэн тооцоо байдаг. Энэхүү таван мянган га талбайгаас 4800 га орчимд “Туул”, “Сэлбэ”, “Дунд” голуудыг дагасан мод, бургас буюу байгалийн ногоон байгууламж эзэлдэг. Харин үлдсэн 350 га орчимд хүний гараар бүтсэн ногоон байгууламж байдаг аж. Үүнийг хотын иргэдийн тоонд хувааж, нэг хүнд ногдох талбайг гаргахад 2.5-2.7 метр квадрат байгаа нь дэлхийн жишгээс тав дахин бага байгааг мэргэжилтнүүд хэлсэн юм. Дэлхийд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбай 12-15 метр квадрат байх жишигтэй байна. Үүнээс харахад нийслэл хотын ногоон байгууламжийг тав дахин нэмэгдүүлж байж дэлхийн жишигт хүрэх юм байна. 


Уг нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр 2012 онд Хот байгуу­лалтын тухай хуульд барил­гын нийт эзэмшлийн талбайн 30 хувьд ногоон байгууламж байхаар хуульчилсан байдаг. Гэвч нийт талбайнхаа 30 хувьд нь ногоон байгууламж хийж байгаа ганц ч барилга алга. Хууль огт хэрэгжихгүй байгаа нь барилга хүлээж авах улсын комисст ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн байхгүйтэй холбоотой гэдгийг нийс­лэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирд­лагын хэлтсийн ногоон байгуу­ламж хариуцсан мэргэжилтэн Л.Баатар­цогт тайлбарласан юм. Түүнээс хотын ногоон байгууламж болон бусад асуудлаар тодруулснаа хүргэе. 

Л.Баатарцогт: Барилга хүлээж авах улсын комисст ногоон байгууламжийн мэргэжилтэн байдаггүй

-Нийслэл хотын газар нут­гийн багахан хэсгийг ногоон байгуу­ламж эзэлдэг. Яагаад ногоон байгууламжийг нэмэхгүй байгаа юм бэ. Цаашдаа нэмэх боломж байна уу?
-Аливаа хот төлөвлөлттэй хөгждөг. Энд барилга байгууламж, тэнд ногоон байгууламж, авто зам байна гэх мэтээр төлөвлөдөг. Манай хот ч гэсэн 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон. Үүний дагуу хот хөгжиж байна. Гэхдээ орон сууц, барилга байгууламжид гол анхаарлаа хандуулаад ногоон байгууламжийг орхигдуулаад байгаа юм. Ногоон байгууламж хийх тал­байдаа барилга, эсвэл автома­шины зогсоол хийчихдэг. Ийм байдал өмнө нь байсан, одоо ч байсаар байна. Тиймээс 2012 онд Хот байгуулалтын тухай хуульд барилгын нийт талбайн эзэмшил газрын 30 хувьд ногоон байгууламж байхаар заасан. Гэтэл бодит байдал дээр хууль огт хэрэгжихгүй байна. Барилга хүлээж авах улсын комисст ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн ордоггүй. Барилга хүлээж авахад ногоон байгууламж нь хаана байна гээд асуучих хүн байхгүй учраас орхигдуулаад байгаа юм. Мөн төсөв мөнгө нь хүрдэг бол хийх ажил олон байна. Гуравхан жилийн дотор л хотыг тэр чигээр нь ногоон болгох боломжтой. 
-Хотын зүгээс ногоон байгуу­ламж нэмэхийн тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ? 
-Дэлхийн хотуудыг нэг саяас илүү хүн амтай бол томоохон гэсэн ангилалд оруулдаг. Улаанбаатар том хотын ангилалд орж байгаа юм. Гэтэл ногоон байгууламжаараа дэлхийн жишгээс 4-5 дахин дутуу байдаг. Том хотууд ногоон байгууламжаа тэлж, агаар болон хөрсний бохирдлын асуудлаа шийддэг. Манай хотын агаар өвлийн улиралд байх ёстой хэмжээнээс 30 дахин илүү хордсон. Хот тэр чигтээ хөрсний бохирдолтой учраас ногоон байгууламжийг нэмэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс нийслэлийн үе үеийн Засаг дарга ногоон байгууламжийг нэмэхээр тодорхой ажлуудыг мөрийн хөтөл­бөртөө тусгаж ирсэн. Үүний дагуу ногоон байгууламж нэмэх ажлыг хийж байна. 
-Ногоон байгууламжийн ажилд хэдэн төгрөг төсөвлөдөг вэ. Энэ нь нэг жилийн ажилд хүрдэг үү?
-Жилд дунджаар таван тэрбум орчим төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгөөр одоо байгаа ногоон байгуу­ламжаа арчлах, услах, мод, цэцэг тарих, зүлэг суулгах зэргийг хийдэг. Мөн энэ мөнгөнөөс ажилчдаа цалинжуулдаг. Мөнгөндөө тааруу­лаад л арчилгааны ажлуудаа хийгээд зогсчихдог. Илүү ажил хийх бололцоо алга. Уг нь тооцоогоор 20-30 тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Даанч мөнгө нь хүрэхгүй учраас ногоон байгууламжийн ажил алгуур, удаан байгаа юм. 
-Үндэсний их баяр наадам болох гэж байна. Хотын өнгө үзэмжийг сэргээх үүднээс ногоон байгууламжид ямар ажил хийж байна вэ?
-Нийтийн эзэмшлийн 73 гудамж буюу 93 га талбайд мод сөөг, ногоон байгууламж байдаг. Эдгээр гудамж талбайд Хот тохижилтын газар болон цэцэгжүүлэлтийн хувийн хэвшлийн компаниуд арчилгааны ажил хийж байна. Энэ жил нийслэлд 200 мянга гаруй цэцэг суулгах төлөвлөгөөтэй. Мод, цэцэг тарих, усалгаа, зүлэг хийх, бордоо цацах зэрэг 21 нэр төрлийн арчилгааны ажил төлөвлөгөөний дагуу хийж байгаа юм. Гадаа халуун нартай байгаа учир усалгааг шөнө хийж байгаа. Өдөр усалгаа хийвэл зүлэг шарлаж, усны 80 хувь нь ууршдаг. Хэдий усалж байгаа ч гэсэн бороо орохгүй байгаа учир зүлэг ургах нь муу байна. Газрын гүний уснаас борооны ус зөөлөн, чанарын ялгаатай байдаг. Борооны ус олон төрлийн бодис агуулдаг, байгалийн органик зүйл. Тиймээс зүлгийг гүний усаар услахад шарлах тохиолдол гарч байна. 


-Одоогоор хотод нийт хэдэн ширхэг мод байгаа вэ. Тооцоо судалгаа бий юү?
-Өнгөрсөн есдүгээр сард зөвхөн нийтийн эзэмшлийн талбайн модыг тоолсон. Энд хоёр сая 500 мянган ширхэг мод сөөг, нэг сая 100 мянган метр квадрат зүлэг байсан. Харин байгууллагуудын хашаан доторх модыг тоолж чадаагүй. Цаашид байгууллагын хашаан доторх модыг тоолж мэдээллийн санд оруулах, гэр хороолын айлуудад тарьц суулгац үнэгүй өгөх, мод тарих заавар зөвлөгөө өгөх, туслах зэрэг ажлыг хиймээр байна. Гэвч одоогоор зөвхөн нийтийн эзэмшлийн талбайн мод сөөгөө л арчлах мөнгө байгаа. 
-Арчилгаанаас шалтгаалж мод ургахгүй тохиолдол байдаг. Жилд ямар төрлийн хэчнээн мод тарьж байна вэ. Үүнээс хэд нь сайн ургаж байна вэ?
-Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард 450 мянган ширхэг  улиас, хайлаас, бургас, гацуур нарс тарьсан. Энэ жилийн хувьд 5-7 метр өндөртэй шилмүүст нарс мод хоёр мянган ширхэгийг тарьлаа. Өмнө нь ийм том хэмжээний мод тарьж байгаагүй. Цаашдаа том хэмжээтэй мод тарих хэрэгтэй. 
-Гэр хороолол руу мод тарьж байна уу. Хашаатай айлуудад үнэгүй тарьц, суулгац өгдөг. Айлууд хэр ургуулж байна вэ?
-Гэр хороололд 200 мянга гаруй айл өрх байдаг. Үүний дөнгөж хоёр мянгад л мод өгдөг. Далайд дусал нэмэр гэгч л болж байгаа юм л даа. Айлууд идэвхтэй сайн ургуулдаг болсон. Ялангуяа жимсний мод, гацуур, гоёл чимэглэлийн мод ургуулдаг болсон. Харин унгирал их гардаг болохоор улиасыг тоохгүй шүү дээ. Мод тараахаар иргэд аль болох жимсний мод, гацуур, агч, тэхийн шээг авъя гэдэг юм.
-Хоёр жилийн өмнө улиасны унгирал бараг гараагүй. Харин энэ жил унгирал их байна. Үүнийг багасгахын тулд ямар нэгэн арга хэмжээ авсан уу? 
-Энэ жил улиасыг модонд тодорхой хэмжээгээр тайрсан. Хоёр жилийн өмнө механик аргаар унгирал гардаг молцгуудыг нь түүсэн юм. Энэ жил түүе гэсэн ч мөнгө байхгүй. 
-Манай оронд улиас ургахад хамгийн тохиромжтой гэсэн. Гэхдээ унгирал их гарах нь хотын иргэдэд төвөгтэй байдаг. Яаж таривал унгирал гардаггүй юм бэ?
-Анх тарихдаа эм улиасыг их тарьсантай холбоотой унгирал их гарч байгаа юм. Эм улиаснаас цагаан хөвөнтэй үр нь гардаг. Энэ нь ямар нэгэн хор хөнөөл байхгүй, байгалийн л үзэгдэл. Харин хот суурин газар дан эм улиас, эсвэл дан эр улиас тарих нь зөв байдаг. Эр, эм улиасыг хамт тарь­чихаар унгирал их гараад байгаа юм. 
-Одоо мод тарихдаа улиасыг ангилж байгаа юу?
-Ангилж чадахгүй байна. Яагаад гэхээр хоёр, гуравхан настай улиас эр, эм нь мэдэгддэггүй юм. Мод үржүүлгийн газрынхнаас эр үү, эм нь үү гэж асуухаар бас мэддэггүй. Тэдний хариуцлага муу байгаатай холбоотой. Анх ямар улиаснаас мөчир тайрч ургуулснаар нь эр, эмийг нь тодорхойлж болно. Гэвч мод үржүүлгийнхэн ангилж ялгадаггүй юм. Тэгээд л өгсөн модыг нь тарьчихаар эр, эм улиаснууд холил­дож ургаж байна. Мод үржүүл­гийнхэн ангилж ялгах ёстой гэв. 

Ногоон байгууламж мод тарих, цэцэг суулгахаар хязгаарлагдахгүй

Сүүлийн жилүүдэд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд олон мянган мод тарьж, цэцэг суулгаж, зүлэгжүүлж байна. Гэхдээ ногоон байгууламж гэдэг мод тарих, цэцэг суулгахаар хязгаарлагдахгүй. Ногоон байгууламжийг хот суурин газрын оршин суугчдын тоо, түүний шилжилт хөдөлгөөн, гудамж автозамын хөдөлгөөн зэрэг хүчин зүйлээс шалтгаалж нийтийн, хязгаарлагдмал хэрэгцээний, тусгай зориулалтын гэж гурав ангилдаг байна. Нийтийн хэрэгцээний ногоон байгууламж нь нийтээр амарч зугаалах, тоглох наадах нөхцөл бүрдүүлсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл, ногоон байгууламж нь мод, цэцэг ургуулахаас гадна зүлэгжүүлсэн талбай, суух сандал, бүжиг цэнгээний талбай, сүүдрэвч, ширээ, хүүхдийн тоглоомын талбай зэрэгтэй байх шаардлагатай. Ийм шаардлагад нийцсэн газар манай хотод цөөхөн бөгөөд “Үндэсний соёл, амралтын хүрээлэн”, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г нэрлэж болно. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д нийт ногоон байгууламж бүхий  223 га талбайд 114 мянга 600 ширхэг мод, сөөг суулгасан нь одоогийн байдлаар 92-100 хувийн ургалттай байгааг хариуцсан ажилтан нь хэллээ. 
Суурин газрын ногоон байгуу­ламж нь агаарын бохирдол болон дуу чимээнээс хамгаалж, нүүрс хүчлийн хийг багасгаж, байгалийн зүй тогтоцыг бүрдүүлдэг. Агаар, хөрсний бохирдол нь дээд цэгтээ хүрсэн манай хотын хувьд ногоон байгууламжаа л нэмэх шаардлагатайг мэргэжилтнүүд төдийгүй энгийн иргэд ч ярьдаг. Хотын хөгжил ногоон байгууламжаараа тодорхой­логддог энэ үед төр засгаас анхаарч, хангалттай мөнгө гаргаж чадахгүй юм аа гэхэд хуулиа сайн хэрэгжүүлье. Шинээр баригдаж буй орон сууц хотхон, оффис барилга, худалдаа үйлчилгээний төвүүдийн нийт эзэмшил газрын 30 хувьд ногоон байгууламж байгаа эсэхийг шалгаж, хуулиа  биелүүлэхийг шаардъя. Түүнчлэн төр засгаас гадна иргэд өөрийн амьдардаг орчноо зүлэгжүүлж цэцэрлэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ нь өөрийн эрүүл мэнд, амьдрах орчин, оюун санаандаа хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт билээ.