МҮОХ-ны ээлжит чуулганыг хууль бус гэж тодотголоо

Ердөө долоо хоногийн дараа Монголын үндэсний олимпийн хорооны VII их хурал болно. Тэгвэл хурал болох гэж буйтай холбогдуулан “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ийхөн мэдээ­лэл хийв.

Ердөө долоо хоногийн дараа Монголын үндэсний олимпийн хорооны VII их хурал болно. Тэгвэл хурал болох гэж буйтай холбогдуулан “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ийхөн мэдээ­лэл хийв. Тэд хурлын эхэнд “Энэ хурал бол хууль бус. Ном ёсоороо 2016 оны арванхоёрдугаар сард хуралдах ёстой байсан. Гэвч МҮОХ-ны одоогийн дарга Д.Загдсүрэн өөрийн эрх ашигт нийцсэн хурал болгохын тулд өнөөдрийг хүртэл хойшлуулсан. МҮОХ бол том байгууллага. Гэтэл Д.Загдсүрэн уг хороог зав­саргүй 20 жил удирдахаар улайрч байна. Ингэхийн тулд хууль бус хурал хийх нь. Хууль бус хурлаар сонгогдсон удирдлагууд ч хууль бус гэсэн үг” гэдгийг тодотгосон юм. 1956 онд байгуулагдсан олимпийн хороог 60 жилийн хугацаанд 12 хүн удирдаж байсан бөгөөд үүнээс 16 жилд нь буюу 2001 оноос хойш Д.Загдсүрэн МҮОХ-ны тэргүүнээр тасралтгүй ажиллаж байгаа билээ.

Д.Загдсүрэн нь “Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч нь орон тооны байна” гэсэн Олимпийн харти, Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад олон хууль дүрмийг зөрчиж өөртөө тааруулан сонгуулийн хууль баталсан гэдгийг дээрх хөдөлгөөний гишүүд хэлж байгаа юм. Барселоны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Баярсайхан хэлэхдээ “Монголын үндэсний олимпийн хороог хууль бус байгууллага гэдэг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс гаргасан. Одоогоор Монгол Улс олимпийн хороогүй явж байгаа юм. Гэтэл тус хороо олимпийн чуулганыг зарлаж, дараагийн хууль бус ерөнхийлөгч, бүтэц бүрэлдэхүүнээ сонгох гээд байх юм. Уг асуудал дээр бид эсрэг байр суурьтай байна. МҮОХ 92 гишүүнтэй бөгөөд олимпийн хартид зааснаар гишүүдийн 50-иас дээш хувь нь олимпын спортын холбоод байх ёстой юм. Гэтэл Д.Загдсүрэн болон түүний тойрон хүрээлэгчид Олимпийн чуулганаар сонгогдсон гишүүдийн бүрэлдэхүүнд олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын холбоодын төлөөлөл олонхи байна гэсэн МҮОХ-ны дүрмийн 6.2 дахь заалтыг зөрчсөөр байна. Гэтэл ийм журмаар өмнө нь хуралдаагүй, энэ сарын 24-нд ном журмаараа хуралдаж чадахгүй гэж үзэж байгаа тул эсэргүүцэж байна” гэв. Харин уг хөдөлгөөний гүйцэтгэх захирал, Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ “Бид Д.Загдсүрэнг шүүмжилдэг учраас олимпийн хорооны бүрэлдэхүүнээс хөөх зорилготой байдаг. Хэрэв гуравдугаар сарын 24-нд их хурал болох юм бол бид үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэтэл Н.Баярсайхан нарын хуралд оролцох эрхийг хааж, боож байгаа. МҮОХ-ны сонгуулийн комисс нь хараат бус гурван хүнээс бүрдэх ёстой байтал Комиссын бүрэлдэхүүний дарга нь Монголын үндэсний бөхийн холбоог тасралтгүй 27 жил удирдсан Р.Нямдорж болон Д.Загдсүрэнтэй хамт шалгагдаж байсан Б.Наранцэцэг нар байдаг. Харин Д.Загдсүрэнг шүүмжилдэг цөөн тооны хүнийг чуулганд оролцуулахгүй болсон. Тухайлбал, түүний эсрэг хүчтэй дугардаг гавьяат тамирчин Н.Баярсайханы тэргүүлдэг Олимпийн медальтнуудын холбоог бүртгэлээс хассан” гэлээ. “Та ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Хэрвээ та сонгогдвол бас л хууль бус удирдлага болж байгаа учраас шийдвэрийг хүчингүй тооцох уу” гэсэн асуултад Ч.Бат-Эрдэнэ “Намайг даамын холбооноос нэр дэвшүүлж, хуралд оролцуулж байгаа. Түүнээс биш би ийм хууль бус хуралд оролцох хүсэл алга. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шударга гарсан. Маргааш /өнөөдөр/ захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарах ёстой. Энэ шийдвэр шударга гарна гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ би ерөнхийлөгчийн сонгуульд нь ялбал шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас бүх зүйл шалтгаална” гэв. Дашрамд дурдахад, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулж байсан юм. Тэрбээр МҮОХ-ны байрны хажууд байрлах “Тамирчны нөхөн сэргээх сувилал”-ын байрыг Б.Наранцэцэг гэгчтэй харилцан тохирч ямар нэгэн төлбөр авалгүйгээр үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлсэн. Энэ хэргийг АТГ, прокурорын байгууллага шалгаад ял шийтгэл оноосон ч Өршөөлийн хуульд хамрагдан шийтгэлээс мултарсан гэж хэвлэлийн хуралд оролцогчид хэлэв. Иймд “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-өөс Д.Загдсүрэнгийн дарангуйлал дор спортын салбарт эрх нь зөрчигдөж хохирсон, хууль бус хурал хийж төлөөлөгч сонгосон байгууллагуудад хандан спорт-олимпизмын салбараа эрүүгийн гэмт этгээд, луйварчдаас салгахын төлөө, МҮОХ-ны чуулганыг хойшлуулахын төлөө хамтран нэгдэхийг уриалж байгаа аж.

 

Б.Мөнхзул