Ц.Элбэгдорж: Гамшгийн үед Монгол Улс бэлэн байх хэрэгтэй

Ерөнхийлөгчөөс санаа­чилж, УИХ-ын намрын ээлжит хуралдаанаар шинэчлэн батал­сан Гамшгаас хамгаалах хуулийг хүлээлгэн өгөх ёсло­лын ажиллагаа өчигдөр боллоо.

Ерөнхийлөгчөөс санаа­чилж, УИХ-ын намрын ээлжит хуралдаанаар шинэчлэн батал­сан Гамшгаас хамгаалах хуулийг хүлээлгэн өгөх ёсло­лын ажиллагаа өчигдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд болон УИХ, Засгийн газрын гишүүд, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, бие бүрэлдэхүүн, ЗХЖШ, ХХЕГ-ын удирдлага, НҮБ, Дэлхийн зөн, МУЗН зэрэг олон улсын байгууллагын зочид, төлөөлөгчид оролцов. Энэ үеэр Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Шадар сайдад шинэчлэн баталсан Гамш­гаас хамгаалах тухай хуу­лийг гардуулан өгсөн юм. Онцгой байдлын байгууллага үүсгэн байгуулагдсан цагаас хойш хууль, эрх зүйн хүрээнд тулгамдаж байсан олон асууд­лыг шийдвэрлэж, цаашдаа тогт­вортой ажиллахад уг хууль томоохон түлхэц үзүүл­нэ гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёслолын үеэр онцол­сон. Тэрбээр, “Онцгой байдлын алба хаагчид бусдын амийг аврахын төлөө өөрс­дийн­хөө амийг эрсдэлд оруулдаг. Гамшиг тохиолдсон газарт та бүхнийг очиход иргэд тайвширч “Монгол төрийн авралын гар” ирлээ гэж хардаг. Тиймээс та бүхэн алдах эрхгүй. Хүн төрлөхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэн дэлхий амьдрахад улам бүр аюултай болж байна. Тиймээс гамшгийн үед Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд бүгд бэлэн байх хэрэгтэй. ОХУ-д сургууль төгсч ирээд, Цэргийн төв байгуулагын сонинд ороод авсан хамгийн анхны томилолт маань Иргэний хамгаалалтын сургалт сурвалжлах байсан. Энэ сургалтаар иргэдийг гамшгийн үед хэрхэн ажиллах вэ гэдэгт сургадаг байлаа. Саяхан Хөвсгөл аймагт дунд сургуулийн хүүхэд осгосон найзыгаа аварсан тухай мэдээлэл гарсан байсан. Тэр хүүхдийн ангид гамшгийн үед хэрхэн амьд гарах талаар хичээл орсон тул тэр мэдлэгээ ашиглаж найзыгаа аварсан гэж хэлсэн байсан. Тиймээс хуучны Иргэний хамгаалалтын сургалттай адилаар гамшгийн үед өөрийгөө болон бусдын амийг аврах талаар ерөнхий боловсролын сургуульд хичээл ордог болох хэрэгтэй” гэлээ.

 

С.Дөл