Ш.Гунгаадорж: 5.5 тэрбум ам.долларын зарцуулалтыг цент бүрээр нь танилцуулах хэрэгтэй

онгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадоржтой ярилцлаа.
-МАН-ын Засгийн газар бүрэлдсэн цагаасаа эхлэн ОУВС-тай хэлэлцээний ширээнд суусны эцэст хөнгөлөлттэй зээл авах тохироонд хүрээд байна. Та улс төрийн ахмад зүтгэлтний хувьд анхаарал хандуулж байгаа байх?

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадоржтой ярилцлаа.

-МАН-ын Засгийн газар бүрэлдсэн цагаасаа эхлэн ОУВС-тай хэлэлцээний ширээнд суусны эцэст хөнгөлөлттэй зээл авах тохироонд хүрээд байна. Та улс төрийн ахмад зүтгэлтний хувьд анхаарал хандуулж байгаа байх?

-Ард түмэн МАН-д маш том итгэл хүлээлгээд жил орчим өнгөрлөө. Энэ их итгэлийг дааж ажиллах л чухал байна даа. Бүрэн эрхийн дөрвөн жилийн бараг нэгтэй нь тэнцэх хугацааг ардаа хийчихлээ. Айхтар хүнд эдийн засаг хүлээж авсан гэдэг бол хэнд ч ойлгомжтой. Өнгөрсөн хугацаанд хямралыг даван туулах замыг бүхэл аргаар хайх шиг боллоо. Үүнийг дан ганц дотоод нөөц бололцоогоо шавхаж даван гарах боломжгүй гэдэг нь ч тодорхой. Тиймээс гадагшаа хандахаас өөр зам байсангүй. Засаг аваад хэд хэдэн удаа хамтарч ажиллаад муугүй үр дүнд хүрч байсан ОУВС-д хандсан. Миний хувьд ОУВС-г шүтэгчдийн нэг биш. Гэхдээ энэ удаад үүнээс өөр зам байхгүй гэж бодож байсан юм. Тэр ёсоор болж байх шиг. Нөгөө нь олон улсын байгууллага эсвэл аль нэг улсад найдах гарц байсан. Зээлжих зэрэглэл хэдэн шат буурч, бараг дампуурал зарлах шахсан энэ үед нэг талаас их хэмжээний зээл авах хэцүү. Зээлдэгч талаасаа ч дампуурах шахаж буй улсад зээл өгнө гэдэг амаргүй. Өмнөд хойд хөрш, ялангуяа урдаас зээл өгөх бололцоо байгаа гэх яриа хөөрөө нэг үе гарсан. Аливаа эдийн засгийн харилцаа улс орны аюулгүй байдалтай хол­боотой учраас бодолцсон байх.

-Монгол Улс, ОУВС-д хандах бүртээ “Стэнд бай” хөтөлбөрт хамрагддаг байсан. Тэгвэл энэ удаад “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тохироо хийгээд байна. Өөрөөр хэлбэл, манай улсын нөхцөл байдал улам муудаж, нөгөө талаас тавих шаардлага ч хатуурлаа. Таны хувьд хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрнэ гэж харж байна вэ?

-Одоо ОУВС-ийн захир­луу­дын зөвлөл шийдвэр гаргана. Үүнээс өмнө төсвийн тодотголоо хий гэдэг шаардлага тавьж байгаа. Засгийн газар хэлэлцээгээр тохирсон зүйлсээ хийгээд УИХ-аараа баталгаажуулах шаардлагатай. Энэ бол зүй ёсны шаардлага. Шийдвэр гарсан хойно яаж ч хувирах юм билээ гэх бодол хаа хаанаа байдаг. ОУВС дангаараа олгох 440 сая ам.доллар бол амь тариа. Харин үүнийг дагаад орж ирэх зээлийн 5.5 тэрбум ам.доллар бидэнд боломж. Нөгөө талаасаа бас л өр зээл. Тиймээс зээлж авсан мөнгөө яаж зарцуулах нь асуудал байхгүй юу. Улмаар тохирсон хөтөлбөрөө хурдхан хэрэгжүүлээд эдийн засгаа өндийх маяг руу оруулах нь чухал байна. Хэрэв тооцоолсон хугацаандаа зорьсон үр дүндээ хүрч чадвал том амжилт. Түүнээс биш дэлхийд тэргүүлж байсан шиг өндөр өсөлт авчирна гэж би хувьдаа итгэхгүй байна. Мэргэжлийн эдийн засагч, судлаачдаас олон санал санаачилга гарч байна. Олонхи нь өөр гарц байхгүй гэдгийг хэлж байгаа ч татварын асуудлыг хөндөж буй зарим нэг хүмүүс бий. Бүх хүний сэтгэлд тохирох шийдвэр гаргана гэдэг өрөөсгөл. Бараг боломжгүй зүйл.

-Нийт хөтөлбөрийн санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллар буюу манай нэг жилийн төсвөөс их мөнгө. МАН “Чингис”, “Самурай” бондын хэмжээнээс гурав дахин их өр тавих нь гэдэг шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс өгч байгаа. Ингэхдээ зардлаа бууруулах боломжийг санал болгосон. Судлаачдын зүгээс ч энэ хямралаас ганц ОУВС-ийн дэмжлэгтэй гарахгүй. Дээр нь цогц арга хэмжээ авч, бүх хүчээ дайчлан ажиллаж байж гарна гэдгийг сануулж байгаа л даа?

-Сөрөг хүчний З.Нарантуяа тэргүүтэй гишүүдийн дэвшүүлж буй санаанаас авах зүйл байгаа. Тухайлбал, төрийн данхар бүтэц. Энэ рүү орж ажиллах тэнхээ, зүрх байсангүй юу, ямартаа ч хөндсөнгүй. Цомхон бүтцээр хариуцлагатай ажиллаж, их зүйлийг бүтээж болно гэдгийг харуулсан олон туршлага бий. Энэ асуудал дээр нүдээ нээх ёстой байсан. Иргэддээ өндөр татвар ногдуулчихаад өөрсдөө тансаглаад сууж болохгүй биз дээ. Хэмнэлтийн бодлогыг дээрээсээ эхэлдэг юм. Бас хэтэрхий их гадагшаа давхилдаж байгаа шүүмжлүүштэй тал анзаарагдах юм. Хөтөлбөрийн хугацаанд орж ирэх 5.5 тэрбум ам.долларын зээлийг тав арван төгрөгөөр ч болов бууруулах боломжийг өнгөц хараад байх шиг. “Айлаас эрэхээр авдраа ух” гэдэг дээ. Манай бор авдар хоосорчихоогүй шүү. Дотоод нөөц бололцоо гэж харвал их юм бий. Гадаад зээл, тусламж гэхээс үүнийг ярих сайд дарга нэг ч гарахгүй юм. Үүнийг дагаад орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах эсэх нь тодорхойгүй боллоо. Тавантолгойн хэлэлцээ ямар шатанд яваа нь мэдэгдэхгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан л гэсэн. Тэгсэн Сангийн сайд нь энэ онд Гацууртын ордоос өөр төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж байдаг. Үүнээс гадна хөдөө аж ахуй гэдэг хаягдсан салбар байна. Дарга нар 70 сая мал гэж хөөрдөг ч анхаарал хандуулалгүй орхиод олон жил болсон. Монгол Улс 1990 оноос өмнө 25 сая малтай байсан. Гэтэл одоо 70 сая малтай болчихоод тухайн үед гаргадаг байсан хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна. Энэ нөөц рүүгээ хэзээ орох юм. Арьс шир дотоодод үнэгүйдээд байгаа гэхээс гадаад талдаа бол ам.доллар болж харагддаг. Өмнө нь “Амьсгалаас бусдыг нь ашиглана” гэдэг том лоозон байлаа шүү дээ. Тэр зарчмаар ажилламаар байгаа юм.

-Эдийн засгийн хямралын үед 5.5 тэрбум ам.доллар орж ирнэ гэдэг таатай мэдээ. Гэхдээ таны хэлдгээр бас л өр зээл. Зээлж авсан мөнгөө яаж зарцуулах, эргэн төлөлтийн хуваарь нь ч олон нийтээс далд байна. Энэ талаар бодлоо хуваалцахгүй юу?

-Миний харж буйгаар тооцоо судалгаа учир дутагдалтай харагдаад байгаа юм. Засгийн газар 5.5 тэрбум ам.долларыг яг юунд зарцуулах юм. Түүнийгээ нэг ам.доллар, бүр цент бүрээр танилцуулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр цээжний бангаар ажиллаж болохгүй. Нарийн ярьвал АН-ын Засгийн газрыг энэ асуудлаар шүүмжилж ирсэн. Тэгвэл одоо шүүмжлэлээ өөрсдөө ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Нарийн тооцоо судалгаа байхгүй учраас сөрөг хүчин төдийгүй ард түмэн гайхшралд орохоос аргагүй. Хэрэв Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн цүнхэнд тооцоо судалгаа байгаа бол гаргаж тавих хэрэгтэй. Ингэвэл хаа хаанаа хардлага үүсэхгүй. ОУВС бол өөрийнхөө хяналтын ном дүрмээр явна. Гэхдээ монголчууд цээжний хийтэй улсууд гэдгийг багцаалж байгаа. Тиймээс дотоод хяналтаа сайжруулах хэрэгтэй. ОУВС-ийн өмнө “Бид ийм хяналт тавина, ингэж хэрэгжүүлнэ” гээд сууж байвал хичнээн сайхан байх уу.

-Хоёр талаасаа хяналтын системээ нарийн тохирсон хөтөлбөр гэж байгаа шүү дээ. Хамгийн хатуу хяналттай нөхцөлийг хүлээн зөвшөөрлөө гэх шүүмжлэл явах болсон. Бараг л Сангийн сайд хийх ажилгүй болох юм шиг тайлбарлах хүмүүс ч бий. Тэр том байгууллагын хяналтын дор асуудал гарахгүй байлгүй дээ?

-Валютын сангийнхан Сангийн сайдын суудалд суух нь ч хэтрүүлэг байх. Аливаа том хэлэлцээний явцад нийтэд зарлаж болохгүй зүйл гардаг. Гэхдээ өнөөдөр бол нууж хаадаг цаг үе биш. Авах мөнгөн дүнгээ зарлаж болж байхад яагаад зориулалтыг нь ард түмэндээ тайлагнаж болохгүй гэж. Үгүй бол АН-ын Засгийн газрын алдааг давтана. Тэр алдааг шүүмжилж, давтахгүй гэж гарч ирсэн биз дээ.

-Хаврын чуулганы эхэнд хэлэлцэх төсвийн тодотголоор татвар нэмэх асуудлаас гадна зардлаа танах асуудлыг хэлэлцэх хүлээлттэй байгаа. Тухайлбал, хүүхдийн мөнгө тэргүүтэй халамжийн бодлогоосоо ухрах шаардлага тулгарсан. Байдал иймдээ тулчихаад байхад намрын чуулганаар халамжийн голдуу хууль баталлаа шүү дээ. Ер нь энэ цаг үед халамжаа тэлэх нь зөв зохистой шийдвэр мөн үү?

-Энэ нам чинь сонгуулиар амлалт өгч, ард түмнээс дэмжлэг авсан. Амлалтаа биелүүлж байгаа гэдэг талаас нь харвал буруутгах аргагүй. Ер нь Монгол Улсад халамж хавтгайрсан гэдэг үнэн. Зорилтод бүлэг гэдэг зүйлийг хавтгайруулах ойлголтоосоо гарч чадахгүй байгаа байдал өнгөрсөн намрын чуулганаас харагдлаа. Хорь гаруй жилийн турш явж ирсэн парламентийн туршлага энэ. Үүнийг язгуураар нь засах цаг ирсэн гэдгийг мэддэг мөртлөө хийх зориггүй явж ирлээ.

-Нэгэнт хямрал нүүрэлчихлээ. Дээр нь олон улсын байгууллага хямралыг системээр нь засахад тусла­хаар болоод байна. Одоо л ард түмэндээ үнэнээ хэлээд засаж залруулах цаг нь юм биш үү?

-ОУВС-гийн хөтөлбөрийг ашиглаад халамжийн бодлогоо голдиролд нь оруулж магадгүй юм.

-УИХ-д шинэ салхи орж байж бодлогын өөрчлөлт хийж чадна гэх итгэлийг олон хүн тээсний хүчинд одоогийн гишүүдийн талаас илүү хувь нь анх удаа сонгогдсон. Гэтэл хавтгайрсан халамжийн бодлогын эсрэг дуу гаргах хүн гарахгүй бололтой. Үүний шалтгааныг хэрхэн харж байна вэ?

-УИХ бол сурч, мэддэг дамжаа биш. Бэлэн боловсорсон хүн орж ирдэг болохоос танин мэдэхүйн асуудал ярих нь өрөөсгөл ойлголт. Манай үе үеийн парламентад шинэ хүмүүс орж ирээд хоёр жилийн дараа жинхэнэ гишүүн болдог. Энэ байдал одоогийн парламент дээр илүү их ажиглагдаад байх шиг. Хүн өөрийгөө голдоггүй байх. Харин нам голох ёстой. Намууд УИХ-ын гишүүн ийм хүн байх ёстой гэдэг зааг гаргаж өгдөггүйн алдаа гэх юм уу даа. Энэ парламентад мэдлэг чадвартай залуус олон бий. Гэхдээ улс орны байдал ийм эгзэгтэй байгаа мөчид таньж мэдэхэд зориулж бүтэн жил алдана гэдэг хайран биз.

-Таны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь ирсэн гэдэгтэй санал нийлдэг хүмүүсийн нэг. Үндсэн хуульд өөрчлөлт ирэх хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна лээ. Энэ цаг үед Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг өөрчлөх шаардлагатай вэ?

-Би Үндсэн хууль батлалцсан хүн. Тиймээс одоогийн Үндсэн хуулийг муулах эрхгүй. Шилжилтийн үед цугласан 400 гаруй хүнээс зах зээлийн нийгэмд амьдарч үзсэн нь байгаагүй. Ном уншсан хэдэн хүн л байсан. Тэгэхээр дутуудуулсан зүйлс байдаг юм. Жишээлбэл, сонго­дог парламентийн засаг­лалыг тусгаж чадаагүй. Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдэл. Энэ тулгын гурван чулууг бид дутуу гаргасан. Засгийн газрыг сул үүрэг оролцоотой, Ерөнхийлөгчтэй байна гэж тогтсон. Тухайн үед Ерөнхийлөгчийг бэлгэдлийн чанартай байхаар баталсан юм. Гадаадад улсаа төлөөлнө, шагнал урамшуулал олгоно гэдэг хэдхэн үүрэгтэй оруулсан. Гэвч үе үеийн Ерөнхийлөгч өөр өөрийн сонирхлоо нэмсээр байгаад Ерөнхийлөгчийн үүрэг танигдахаа болилоо. Ингэснээр тулгын чулуу дөрөв болж хувирсан. Мөн парламентийн засаглалаа нарийвчлан бэх­жүүлж чадаагүй. Тэгвэл одоогийн өөрчлөлтөөр Ерөн­хий сайд нь Засгийн газраа бүр­дүүлдэг. УИХ-аас Ерөнхий сайдыг томилдог болох тогтол­цоонд оруулах хэрэгтэй.

-Та аль Ерөнхийлөгчийн үеэс шүүхээс авахуулаад хууль хяналтын байгууллагын эрх мэдэл төвлөрсөн гэж үзээд байна вэ?

-Анхныхаасаа авахуулаад дөрвөн Ерөнхийлөгч бүгд хувь нэмрээ оруулсан. Өнөөдөр бүх эрх мэдэл нэг хүний дор орчихоод байна.

-Та Монгол Улсад Ерөн­хий­лөгч гэх албан тушаал хэ­рэггүй гэж хэлэх гээд байна уу?

-Монгол Улс Ерөнхийлөгч­тэй байж болно. Олон хүн Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгох нь зүйтэй гэж үздэг. Ер нь парламентаас сонгодог байх нь олон улсын туршлага. Парламентаас сон­гогд­сон Ерөнхийлөгч гавъяа, шагналаа гардуудал бэлгэдлийн чанартай байх нь зөв гэж миний үздэг. Харин Засгийн газраа өөрөө бүрдүүлэх эрхтэй Ерөнхий сайдыг парламентаас томилж болно.

-Тэгэхээр шүүхийн томил­гоог хэн хийх вэ?

-Олон нийтийн хяналтын тогтолцоотой парламент. Мөн парламентийг хоёр танхимтай болгох саналыг зарим судлаачдын зүгээс дэвшүүлдэг. Энэ тогтолцоо Монгол Улсын онцлогт тохирох боломжтой. 1990 оноос хойш хоёр жил орчим хоёр танхимтай парламентийн засаглалтай явж үзсэн юм. Манайх шиг өргөн уудам нутаг дээр цөөн тархай бутархай амьдардаг нөхцөлд 76 хүнээр улсын бодлогыг тодорхойлуулах нь учир дутагдалтай. Тиймээс орон нутгаас төлөөлөлтэй байнгын бус нэг танхим байх давуу талтай гэдэг нь тухайн хоёр жилийн хугацаанд батлагдсан.

-Зарим судлаачдын зүгээс Ерөнхий сайдын эрх мэдлийг парламентаа тараадаг болох хүртэл нэмэгдүүлэх асуудлыг дэвшүүлдэг юм билээ. Монгол Улсын онцлогт энэ тохирох засаглал мөн үү?

-Сонгодог парламентийн засаглал гэж тэрийг хэлээд байгаа юм. Тэр тогтолцоог манайхан байгуулж чадвал сайн хэрэг. Өнөөдөр УИХ-ын нөлөө Засгийн газрын ажлыг хийлгэхгүй хэмжээнд хүрлээ шүү дээ. Парламент хуулиа ярихгүй, Засгийн газрын гал тогоонд орж тогоо шанагатай нь зууралддаг. Ийм эрх мэдлийн хуваарилалт тодорхой бус байдлыг арилгамаар байгаа юм. Нэг нам үнэмлэхүй олонхи болсон энэ үед л хийх бол дахиж ийм боломж олдохгүй л болов уу. Үндсэн хуулиа өөрчилж, сонгодог парламентийн тогтолцоонд шилжиж чадахгүй бол одоогийн бантангаас гарна гэдэг хэцүү. Нам дотор ч миний дэвшүүлж буй санал санаачилгын хүрээнд өөрчлөлт хийх талаар ярилцаж байгаа. Энэ хэдэн эрх мэдлийн хуваарилалттай холбоотой заалтыг өөрчлөхөд л хангалттай. Олон зүйл заалтаар оролдвол самарч магадгүй.

-Монгол Улс чөлөөт зах зээлийн замыг сонгоод хорь гаруй жил боллоо. Улс орны байдал өнгөрсөн хугацаанд маш их өөрчлөгдсөн. Тиймээс Үндсэн хуульд эдийн засгийн тусгай бүлэг оруулж өгөх ёстой гэх боллоо. Таны зүгээс энэ санаачилгыг дэмждэг үү?

-Оруулж чадвал сайн хэрэг. Гэхдээ хэтэрхий олон зүйлээр оролдож байгаад үндсэн зарч­маа сайжруулах биш дордуулах вий.

-2000 оны өөрчлөлтөөр дордуулсан гэдэг шиг үү?

-Үндсэн хууль дахь эрх мэдлийн хуваарилалтыг өөрчлөх асуудал сүүлийн 20 орчим жил яригдаж байна. Болохгүй болоод л ийм асуудал гарч эхэлсэн. 2000 онд тохироо нь бүрдээд өөрчлөлт оруулсан чинь Ерөнийлөгчид Да.Ганболдыг долоо буцаах эрх олгочихсон байхгүй юу. Түүнээс долуулаа дордсон юм биш. Түүнээс хойш Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж бололцоо бүрдэлгүй өнөөдрийг хүрлээ. Энэ боломжийг ашиглаж парламентийн засаглалаа бэхжүүлж чадахгүй бол цаашид ч дээ. Ард түмэн сонгууль бүрээр ийм олон суудал өгч наргиулаад байхгүй л байх.


Д.Мягмардорж